“Монголын өсвөр үеийнхний сэтгэл хөдлөл, зан үйлийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааг “Оптимал Эн макс” компанийнхан хийжээ. Хүүхдүүд сэтгэл гутрах, түгших зэрэг эрсдэлд хэр их өртөж байна, үүнд ямар хүчин зүйлс нөлөөлж буйг тодруулах нь уг судалгааны зорилго аж. Нийслэл болон орон нутагт амьдардаг, 14-19 насны 2000 оролцогчийг уг судалгаанд хамруулжээ. Үүнээс судалгааны асуултуудыг бүрэн бөглөсөн, статистик шинжилгээнд ашиглах боломжтой 1667 оролцогчийн хариултад тулгуурлан, үр дүнг гаргасан байна. Тэдний 57 хувиас нь сэтгэл гутралын шинж тэмдэг түгээмэл илэрчээ. Тухайлбал, таван хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар нухацтай боддог гэсэн байна. Мөн зургаан хүүхэд тутмын нэг нь амиа хорлох үйлдэл хийж үзсэн гэжээ. Гэр бүл, ялангуяа эцэг, эхийн харилцаа, сургуулийн орчны ялгаварлан гадуурхалт нь амиа хорлох бодол төрүүлэх, үйлдэл хийхэд хүргэдэг гэж хүүхдүүд хариулсан гэнэ.
Уг судалгаанаас онцлох нэг зүйл нь хүүхдүүд харагдах байдал буюу гадаад үзэмждээ сэтгэл хангалуун бус байгаагаас шалтгаалж сэтгэл гутралд өртөх нь түгээмэл болжээ. Тухайлбал, оролцогчдын 42.6 хувь нь гадаад үзэмждээ зарим үед сэтгэл хангалуун бус байдаг гэсэн аж. 23 хувь нь харагдах байдалдаа үргэлж сэтгэл хангалуун бус, бусадтай өөрийгөө харьцуулж голдог хэмээжээ. Ялангуяа хотод амьдардаг хүүхдүүд ийм асуудалтай илүүтэй тулгардгаа хэлсэн байна. Хүүхдүүд сэтгэл зүйн олон асуудалтай тулгарч, түүнийгээ шийдэж чадалгүй буруу зуршилд автах эрсдэл өндөр байгааг уг судалгааны үр дүн харуулжээ. Энэ нь өсвөр насныхан стрессийг даван туулах чадвар сул байгаатай холбоотой гэнэ.
“Хүүхдүүдэд илэрч буй сэтгэл гутрах, түгших зэрэг эрсдэл нь гэр бүл, сургууль, үе тэнгийнхэн зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байна. “Намайг гадуурхаж, бусдын өмнө эвгүй байдалд оруулдаг багш байдаг” гэдэгтэй оролцогчдын 20 хувь нь санал нийлснээс үзэхэд, сургуулийн орчинд багш нар сурагчийг дээрэлхэх үзэгдэл түгээмэл бололтой. Тиймээс сургууль, гэр бүлийн орчин эерэг уур амьсгалтай байх нь чухал. Юуны түрүүнд боловсролын асуудал эрхэлсэн яамнаас сургуулийн орчны дээрэлхэлтийн эсрэг журам батлах, багш, ажилтнууд сурагчидтай хэрхэн харилцаж байгаад анхаарал хандуулж, хяналтаа сайжруулах шаардлагатай” гэж “Оптимал Эн макс”-ынхан онцолжээ.