Цар тахлын дараа компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгож, дотоодын зах зээлээс хямд эх үүсвэртэй санхүүжилт татах нь бизнес, эдийн засгийн сэргэлтийн гол хөшүүрэг болохыг мэргэжилтнүүд тэмдэглэж буй. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагаас “Компани үнэт цаасаа анх удаа олон нийтэд санал болгоход тулгарч буй бэрхшээл, дэмжлэг” судалгааг өнгөрсөн дөрөвдүгээр сард явуулжээ. Уг судалгаанд шилдэг 100 болон бусад аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд тэдгээрийн 52.9 хувь нь нээлттэй хувьцаат компани болсноор өсөж хөгжинө гэсэн бол 49 хувь нь урт хугацаатай, санхүүгийн хямд эх үүсвэр бий болгоно гэж хариулжээ. Түүнчлэн 45.1 хувь нь дотоодын компаниудын хувьцааг эргэлтэд оруулах нь эдийн засагт эергээр нөлөөлнө гэсэн байна. Мөн мэдээлэл холбоо, барилга, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нээлттэй хувьцаат компани болох сонирхолтойгоо илэрхийлсэн бол худалдаа, уул уурхай, тээврийн салбарын компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгоход хараахан бэлэн биш гэснийг МХБ-ээс мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Монголд үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжүүд нээлттэй компани болж, хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах сонирхолтой байгаа аж. Гэсэн ч хууль, эрх зүйн зохицуулалт ойлгомжгүй, IPO хийх зардал өндөр зэрэг бэрхшээл их байгаагаас нээлттэй компани болсон аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлж дэмжих шаардлагатай хэмээн судалгаанд оролцогчдын 70.6 хувь нь хариулжээ.