Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ/УБЦТ/ ТӨХК-ийн Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсээс 2021 онд хийгдсэн хяналт шалгалтын явцад цахилгаан эрчим хүчийг зүй бусаар хэрэглэсэн нийт 948 хэрэглэгчийг илрүүлжээ. Үүнээс лабораторид 88 мянга гаруй тоолуурыг хэмжиж баталгаажуулснаас 143 хэрэглэгч тоолуур болон гүйдлийн трансформаторын холболт, программд өөрчлөлт оруулсан зөрчил илэрсэн байна.
Мөн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгүй, техникийн нөхцөл болон зөвшөөрөлгүйгээр дур мэдэн холболт хийсэн, тоолуур хэмжих хэрэгслийн битүүмжлэлийн лац хөндсөн 805 зөрчил илэрчээ. Дээрх илэрсэн зөрчилд 10,575.5 мян.кВт.цагийн нөхөн тооцоо хийсэн ба холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Тоолуур болон хэмжүүр тэдгээрийн эд ангийн битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн, хэвийн ажиллагааг алдагдуулсан, зөвшөөрөлгүй цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тохиолдолд Эрчим хүчний тухай хуулийн 30.1.7 /Эрчим хүчний тоолуур, хэмжүүрийн бүрэн бүтэн байдлыг хариуцах/; Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлд “хууль бусаар хэрэглэсэн эрчим хүчний үнэ, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаас гадна бусад хууль, дүрэм, журмын дагуу хариуцлага хүлээлгэдэг байна.