Хонхны баяр тэмдэглэж эхэлсэн, Алдарт эхийн одон гардуулсан, мөн удахгүй наадам болохтой холбоотойгоор төрөл бүрийн дээлийн эрэлт, нийлүүлэлт болон торго, бусад материалын үнэ ханш ямар байгааг сонирхлоо. Өнгөрсөн баасан гарагт “Хархорин” худалдааны төвд очиход бөс барааны тасагт нь үйлчлүүлэгч олон байв. Тэнд торго чанараасаа шалтгаалж нэг метр нь 10 000-70 000 төгрөгийн үнэтэй байсан бол төрөл бүрийн даавуу метр нь 8000-35 000 гэнэ. Дээлийн дотор хийх материал 2800-8000 төгрөгийн үнэтэй байв. Дээрх захын бөс барааны борлуулагч Г “Сүүлийн хоёр жил үндэсний томоохон баяр ёслолыг өргөн хүрээнд тэмдэглээгүй учраас торго, даавууны борлуулалт тааруу байсан. Мөн хил гаалиар ачаа, бараа оруулахгүй байснаас бүтээгдэхүүнээ татан авч чадахгүй байлаа. Гэсэн ч өнгөрсөн гуравдугаар сараас ачаа эргэлт арай сайжирч, торго, даавуу болон бэлэн дээлийн борлуулалт нэмэгдсэн. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сард Алдарт эхийн одон гардуулж, мөн хонхны баяр тэмдэглэж эхэлсэнтэй холбоотой байх. Үнийн хувьд торго, даавуу, эмжээр буюу бүх материалын үнэ хоёр жилд дунджаар 60 хувиар өссөн” гэв.
Тус захад бэлэн дээл борлуулдаг лангуунууд бий. Тэнд зардаг дээлнүүдийг оёдлын цех, тасгаас татан авдаг юм байна. Бэлэн дээлийн үнэ материалаасаа шалтгаалж харилцан адилгүй. Тухайлбал, уламжлалт загвартай, торгон, эмэгтэйчүүдийн дээл дунджаар 200 000, эрэгтэйчүүдийнх нь 250 000-300 000 төгрөгийн үнэтэй байв. Нимгэн даавуун, эрэгтэй, эмэгтэй дээлнүүдийг 120 000-200 000 төгрөгөөр үнэлжээ. Харин дээл оёулах хүсэлт их байгаагаас зургадугаар сарын 10-наас хойш л захиалга авах магадлалтайг борлуулагч Б.Өлзий хэлсэн юм. Тэрбээр 2-3 оёдлын цехийн дээл зардаг байна. Гэхдээ үйлчлүүлэгч олон байвал захиалга авахгүй, утсаар лавлахыг сануулав. “Хархорин” захад оёсон дээлээ нийлүүлдэг иргэн, цехүүдийн энгийн, эмэгтэй дээл оёх хөлс дунджаар 120 000, эрэгтэй нь 130 000-140 000 төгрөг байгаа аж. Хэрэв нэмэлт гоёл хийлгэвэл үнэ нь өснө.
Оёдлын 2-3 цех, салоноор ороход дээл хийх захиалга авахгүй гэж байлаа. Энэ жил цөөнгүй сумын ой тохиох, мөн наадам тэмдэглэхтэй холбоотойгоор иргэд дээл оёулах захиалгаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас өгсөн юм байна. “Уламжлалт гоёл” хувцас захиалга, засварын салоны эзэн Н.Бурамханд “Манайх энэ хавраас намар хүртэлх захиалгаа хангалттай авсан. Материалаа өөрсдөө гарган, энгийн загвартай, эмэгтэйчүүдийн дээл хийлгэхэд 120 000-140 000, эрэгтэйчүүдийнхэд 130 000-150 000 төгрөгийн хөлс төлнө. Илүү загварлаг буюу европ мөртэй, нударгатай хийлгэвэл үнэ нь 20 000-40 000 төгрөгөөр өснө. Торон оруулгатай, эсвэл зах, ханцуй нь өөр өнгөтэй, даашинз шиг загвартай эмэгтэй дээл оёулбал 200 000 төгрөг төлөх юм. Би 16 жил оёдолчноор ажиллаж байна. Сүүлийн 6-7 жил иргэд дээл өмсөх нь нэмэгдэн, хийлгэх захиалга ч илт өссөн. Харин салонд ажиллах хүн олдохгүй байна. Манайд одоогоор надаас гадна таван бүсгүй ажилладаг. Бид долоо хоногт энгийн загвартай 5-6 дээл бэлэн болгодог. Нэмж 3-4 хүн ажилд авахаар төлөвлөсөн ч олдохгүй юм. Оёдолчид сард багадаа 1.2 сая төгрөгийн цалин авч, өдөрт 8-10 цаг ажиллан, долоо хоногийн нэг өдөр амардаг” хэмээн өгүүлэв.
Төрөл бүрийн монгол хувцас, дээл оёж, борлуулан хүмүүст танигдсан жижиг, дунд үйлдвэрүүд цөөнгүй. Тэдний нэг болох хямдавтар, загварлаг бүтээгдэхүүн санал болгодог, ялангуяа охид, залуус гангарах дуртай брэнд бий. Тус брэндийн хамгийн хямд үнэтэй, даавуун материалтай, эмэгтэй, дан дээл нь 125 000 төгрөг бол эрэгтэйчүүдэд зориулсан нь 100 000 гэж байна. Ханцуй, захандаа торон оруулгатай, гоёлын загвартай эмэгтэй дээл 300 000 төгрөг бол энгийн загвартай, торгоныг нь 245 000-аар үнэлжээ. Түүнчлэн хантааз 32 000-105 000, ханцуйгүй дээл 95 000, богино ханцуйтай цамц маягийн загвартай хантаазыг 105 000 төгрөгөөр борлуулж байна. Тус брэндэд захиалгаар монгол хувцас хийлгэх боломж одоогоор байхгүй гэнэ. Үйлдвэрээсээ 40 гаруй төрлийн өнгө, материалтай 10 орчим загварын эрэгтэй, эмэгтэй дээл, хантааз нийлүүлж байгаа аж. Нэмж хэлэхэд, энгийн, даавуун тэрлэгийг 120 000 орчим төгрөгөөр худалдан авч болох аж. Харин материалаа өөрөө сонгон, оёулахад үйлчилгээний хөлс нь багадаа 100 000 төгрөг байгаа учраас дээл худалдан авсан нь хямд байх нь.
Дээр дурдсан дундаж үнэтэй дээл, залууст зориулсан загвартайг санал болгодог брэндээс гадна өндөр зэрэглэлийн хувцас загварын товчоо, салонууд бий. Тухайлбал, “Торго”, “Гоёл”, “От кутюр” зэрэгт энгийн загвартай дээл оёулах ханш багадаа 500 000 төгрөг байна. Хэрэв нэмэлт чимэглэл, гоёл хийлгэвэл үнэ нь нэмэгдэх аж. Түүнчлэн тухайн салоноос материалаа сонгох ёстой. Ямар торго, даавуу сонгохоос шалтгаалж үнэ нь харилцан адилгүй бөгөөд голдуу Япон, БНСУ-аас оруулж ирдэг, дээд зэргийн чанартай торго борлуулдаг гэсэн. Ийм торго нэг метр нь дунджаар 80 000 төгрөгийн үнэтэй. Дээд зэрэглэлийн салонд хүмүүс голдуу хурим болон төгсөлтийн үдэшлэгийн дээл хийлгэдэг бөгөөд цор ганц загвар, оруулга, чимэглэлтэй байдаг аж. Захиалгаа багадаа нэг сарын өмнө өгөх ёстой юм билээ.
Сүүлийн үед хүмүүс ямар нэгэн байдлаар өөрчилж, чимэглэсэн дээл сонгохоос илүүтэй уламжлалт буюу энгийн дээл сонгох нь олширчээ. Ийм дээлийг ямар ч материалаар хийлгэж болох бөгөөд торго метр нь 12 000-80 000, даавуу 8000-40 000 төгрөгийн үнэтэй байгаа аж. Мөн дээлийн дотор хийх даавууны үнэ метр нь 3000-10 000 төгрөг бол дурданг 8000-15 000-аар үнэлжээ. Харин дээл оёулах үйлчилгээний хөлс 100 000 гаруй төгрөгөөс эхлэн 500 000-аас давж байна. Энэ нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад дээл оёулах үйлчилгээний хөлс багадаа 30 000, ихдээ 200 000, торго болон даавууны үнэ метр тутамдаа 2000-20 000 төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Сонирхуулахад, манай улс 2019 онд торго худалдан авахад 70 200, мяндсан болон нийлэг, бусад даавуу импортлоход 693 000 орчим ам.доллар зарцуулсан байна. Тэгвэл өнгөрсөн жил төрөл бүрийн торго, даавууны импортод 2.1 сая “ногоон” төлснийг Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурджээ.