Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 565 хүнсний дэлгүүрээр худалдаж буй бөгөөд өдгөө 30 хувийг нь борлуулаад байгаа гэнэ. Улаанбаатарын хэмжээнд инфляцад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 34 хувиар нөлөөлж байгаа аж. Иймээс бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд махны үнийг хямдруулан, борлуулалтыг нь ч сайжруулах зорилгоор ханшийг нь бууруулжээ. Тодруулбал, хонины махны кг тутмынх нь үнийг 200 төгрөгөөр хямдруулсан байна. Улмаар хонины савласан махыг кг-ыг нь 7750, гулуузаар кг-ыг нь 7550 төгрөгөөр худалдаж байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Мөн ямааны савласан махыг кг-ыг нь 6900, гулуузаар 6700 төгрөгөөр борлуулж буй гэнэ.