Аялал жуулчлал бол дэлхийтэй, хүн төрөлхтний түүх, өв соёл, аж байдал, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалттай танилцах хамгийн том “цонх”. Энэ утгаараа улс, үндэстнүүд түүх, уламжлалаасаа гадна өөрийн гэх шинэ бүтээгдэхүүнүүд бий болгосоор байна. Жишээ нь, сүүлийн үед эмчилгээ, гоо сайхны аялал жуулчлалыг брэнд болгох тал дээр солонгосчууд илүү ухаалаг бодлого баримтлах болсон. Тэгвэл аль ч улс, ямар ч үндэстний хувьд өмчлөх боломжгүй нэгэн брэнд нь хоолны соёл, тэр дундаа гудамжны хоолны үйлчилгээ. Үүнийг хөгжүүлж, улам сонирхолтой, өргөн дэлгэр болгоход улс орнууд “өрсөлдөн” анхаарч буй. Үр дүнд нь өнөөдөр олон орны аялагчдын дунд “гудамжны хоолонд дурлагчид” гэсэн чиглэл баттай байр суурь эзэлжээ. Дотоодын хэрэглэгчид нь ч энэ соёлын үр шимийг хангалттай хүртэж, амьдралаа илүү амттай болгодог.
Гэтэл бид тэр соёлыг амтлах, мэдрэх “эрхгүй” өдий хүрэв. Хамгийн хачирхалтай нь дэлхий нийтээр хөгжүүлээд, хэвшүүлээд, уламжлал болгочихсон энэ үйлчилгээний үндсийг соёолуулах, иргэдийнхээ ашиг, орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад зах зээлийн жамаараа бий болох олон ажлын байрыг дэмжих сонирхол, хүсэл манай төр, засгийнханд алга. Ингэж хэлсний учир нь сүүлийн үед иргэд гудамжны хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар санал санаачилга гарган, хичээж, боломжуудыг судалж, эрэл хайгуул хийж байхад хорооны удирдлагаасаа эхлээд шат шатандаа хүнд суртлаар угтаж, хавчиж гадуурхсан жишээ цөөнгүй. Цагдаа нар ч гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчдийг хөөж, дарамталсан талаар зарим иргэн цахим хуудсаараа олон нийтэд хүргэсэн нь бий.
Нийслэлийн Засаг дарга энэ сарын эхээр гудамжны хоолны үйлчилгээ эрхэлж буй иргэдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ бизнес эрхлэхэд нь таатай орчин бүрдүүлэхээр захирамж гаргасан талаараа дурдсан. Тодруулбал, хотын нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгож, дэмжиж ажиллахыг нийслэлийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосныг мээр тун баяртайгаар мэдээлж байлаа. Үүний дагуу бол нийслэлийн нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт энэ чиглэлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломж бүрдлээ гэж ойлгосон. Үүнээс хэдэн сарын өмнө 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардахгүй байхаар захирамж, шийдвэрийг холбогдох байгууллагуудаас гаргасан юм. Гэвч иргэдэд хүндрэл, чирэгдэл учирсаар байна. Энэ нь дандаа төрийн байгууллагынхны хандлага, уялдаа холбоогүй үйл ажиллагаатай холбоотой байсаар. Хотын даргатай уулзах үеэр “Food station UB” гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгч О.Билгүүн энэ төрлийн бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулж болох нийтийн эзэмшлийн талбайн байршил тодорхойгүй нь тулгамдсан асуудал гэдгийг онцолж, үүнийг шийдвэрлэж өгөхийг хүсжээ. Ер нь энэ асуудлыг шийдсэн олон улсын жишээ нь жуулчны гудамж, албан байгууллага, оффисын төвлөрсөн газар, сургуулийн орчин, тээврийн хэрэгслийн буудал, зогсоол, олон нийтийн үйлчилгээ, амралт, зугаалгын бүс, цэцэрлэгт хүрээлэн зэргийг эхний ээлжид ийм зориулалтаар ашиглуулахаар зөвшөөрөл олгодог аж. Түүний дагуу бизнес эрхлэгчид нь хэрэглэгчдийн судалгаанд үндэслэн хоол үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө гаргадаг уялдаа холбоотой.
Монголд өнөөдөр гудамжны хоолны үйлчилгээг дэлгэрүүлэн, хэвшүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Энэ бол зөвхөн аялал жуулчлалын бүтээгдэхүүн биш, цаг завгүй хүмүүсийн амьдралд дөхөмтэй, өдөр тутмын нэгэн хэв маяг болсон үйлчилгээ учраас тэр. Тиймээс эл шаардлагад нийцэж, зохицсон үйлчилгээ үгүйлэгдээд байгаа хэрэг. Өнөөдөр манай иргэдийн, тэр дундаа хот, суурин газарт оршин суугчдын багагүй хувь нь ажил, сургууль руугаа явах замдаа хөнгөн зууш, халуун кофегоор үйлчилдэг кафе, түргэн хоолны газраар дайран өнгөрдөг болсон. Өдрийг угтах их “аянаа” ингэж эхлүүлдэг, энэ нь зуршил болсон хүн ч олон. Тэдний онцолсноор ийм үйлчилгээтэй газар олширч байгаа нь олзуурхууштай ч сэндвич, бургер зэрэг хавчуургатай талх, далайн байцайтай ороомог, мантуун бууз, кофе гэх мэт цөөн хэдэн төрлийн бүтээгдэхүүнээр хязгаарлагддаг буюу сонголт багатай. Түүнчлэн ажил, гэр лүүгээ явах замд нь эрт онгойж, ийм үйлчилгээ үзүүлдэг газар байхгүй учраас чиглэлээсээ тодорхой хэмжээнд хазайдаг нь нэлээд төвөгтэй талаар иргэд учирлаж байлаа. Гудамжны хоолны үйлчилгээ “барьж авах” сонирхолтой иргэд, хувиараа бизнес эрхлэгчдийн хэлж буйгаар үүнийг амжилттай эхлүүлэхэд туслах зөвлөмж, зөвлөгөө өгдөг байгууллага, туршлагатай газар ч манайд бараг байхгүй учраас бүхнийг цоо “шинээр” бий болгоно гэсэн үг. Тиймээс анхнаас нь сууриа зөв тавьж, чиглэл, цэсээрээ нэгнээсээ ялгарсан байдлаар хөгжүүлэхгүй бол нэг л янзын улиг болсон хоолнуудтай, өнөөгийн хоол хүргэлтийн үйлчилгээнээс ялгарахгүй болох эрсдэлтэй талаар саналаа хуваалцав.
“Уг нь хотын гудамж, талбайд өглөө, үдэшгүй асартай, машинтай хоолны үйлчилгээ явуулж хэвшвэл хэн хэндээ хэрэгтэй. Бага насны хүүхдүүдтэй, ажил орой тардаг болохоор гэртээ очоод өглөө авч явах хоолоо бэлтгэж, хийх боломж, цаг зав ч гардаггүй. Гудамжны хоолны үйлчилгээ нэвтрүүлбэл над шиг хүмүүст их хэрэгтэй” гэж CU-гээр үйлчлүүлсэн нэг залуу ярилаа. Тэрбээр оффисын ажилтан бөгөөд ажлынхаа ойролцоох тус газраар бараг өглөө бүр үйлчлүүлдэг гэсэн. Зөвхөн өглөөдөө гэлтгүй иргэд хүссэн үедээ гудамжны хоолны үйлчилгээ авахыг хүсэж байна. “Солонгос драмуудад гардаг шиг гадаа суугаад хоол идэх гоё. Бээжин, Сөүлийн гудамжинд хүмүүс багширсныг анх хараад эхэндээ гайхдаг байсан бол одоо их хотын хэмнэлд зайлшгүй хэрэгтэй үйлчилгээ юм байна гэдгийг ойлгосон. Тэгж хооллож байж цаг хугацаатай уралданажлаа амжуулна” хэмээн ярьсан дунд эргэм настай эмэгтэй Тайландын Бангкок хотод багагүй хугацаанд ажиллаж, амьдарч байгаад гурван жилийн өмнө эх нутагтаа буцаж иржээ. Тэрбээр “Гудамжны хоолны үйлчилгээ зөвхөн цаг, зав хэмнээд зогсохгүй найз нөхөд, гэр бүлээрээ энгийн сайхан амарч, таашаал авах боломж. Буцалж буй амьдралын дунд, гадаа хоол идэнгээ юу ч бодохгүй ийш тийш хараад суух чинь бас их аз жаргал юм билээ. Наадмаар асарт хуушуур идэхэд илүү амттай байдаг учир нь орчиндоо л байгаа” гэж онцолсон юм. Иргэд гудамжны хоолны үйлчилгээ хэрэгтэйг энэ мэтээр олон талаас нь тайлбарлаж байна. Дэлхий даяар гудамжны хоолны газруудын эрэлт жил бүр нэмэгдэж байгаа нь том хөрөнгө оруулалт шаардахгүй боломжит бизнес болохыг илтгэх буй за.
Гэтэл энэ чиглэлийн үйлчилгээний талаар манай албаныхан ихэвчлэн сөрөг тайлбар хийх. Юуны түрүүнд хоолны хордлого гарах эрсдэлийг дурддаг. Мэдээж ийм эрсдэлээс сэргийлэх нь аль ч улсын хоол үйлдвэрлэлийн салбарын нэн чухал асуудал. Үүнээс айгаад хөдлөхгүй бол хөгжихгүй. Хяналтаа сайжруулж, гэхдээ хяхаж, хавчих талаас нь бус, хууль тогтоомжийнхоо хүрээнд, шаардлагын дагуу ажиллаж буй, эсэхийг нь шалгаад, хариуцлагын тогтолцоог чангатгавал хүндрэл, асуудал гарахгүй болов уу. Гудамжны хоолоороо алдартай, туршлагатай улс орнуудад Хөдөлгөөнт худалдааны тухай хууль гэхчлэн дүрэм, журам нь маш тодорхой байдаг аж. Энэ салбар нь нийгмийн янз бүрийн давхаргын өчнөөн гэр бүлийн орлогын эх үүсвэр болдгийн зэрэгцээ олон нийтийн амь, эрүүл мэндтэй холбоотой учраас хариуцлагын тогтолцоог хуульчилдаг юм байна. Үүний зэрэгцээ буурай болон хөгжиж буй зарим орны хувьд гудамжны хоолны үйлчилгээнд зорилтот бүлгийнхнийг түлхүү хамруулснаар эдийн засгийн дэмжлэг болно гэж үздэг гэнэ. Нөгөөтээгүүр, хөгжил буурай бүс нутгууддаа гудамжны хоолны үйлчилгээ нэвтрүүлэх нь аялал жуулчлалын үндэс, түүний орлого нь хөгжлийн суурь гэж Энэтхэг улсад тодорхойлдог аж.
Өөрөөр хэлбэл, гудамжны хоолны үйлчилгээг хөгжлийн нэгэн боломж гэж тодорхойлдог, ийм бодлого баримталдаг улс цөөнгүй. Манай зарим аймгийн удирдлага энэ тал дээр ухаалаг санаачилга гаргаж эхэлсэн байна лээ. Жишээ нь, Баянхонгор аймгийн Засаг дарга гудамжны хоолны үйлчилгээ нэвтрүүлэх замаар иргэдийн амьжиргаанд тодорхой дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, газар, талбайг нь хүртэл товлосон сурагтай. Уг ажил өдгөө судалгаа, мэдээллийн шатандаа яваа гэнэ.
Олон улсад гудамжны хоолны үйлчилгээг нийгмийн шаардлагаас урган гарсан өв соёл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Сингапурын гудамжны хоолны соёлыг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн нь үүнийг илтгэх ганц жишээ. Хямд үнээр төрөл бүрийн, чанартай хоол идэх нь нийгэм-соёлын нөхцөл байдлын салшгүй хэсэг бөгөөд тухайн улсын амьдралын хэв маягийн үндэс гэж сингапурчууд үздэг. Мөн гудамжны хоол нь гэр бүл, нийгмийн үнэт зүйлсийн чухал хэсэг, өдөр тутмын амьдрал, олон үндэстний өвөрмөц байдлын амьд өв хэмээдэг байна. Гудамжны хоолны соёл нь дээд зэрэглэлийн зоогийн газрын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх хэмжээнд очсон Итали зэрэг улсад энэ үйлчилгээний ашиг, орлого газар тариалан, хөдөө аж ахуйнхтай харьцуулах хэмжээнд хүрсэн аж.
Нийтийн хоолны энэ салбар 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хийсэн судалгаагаар барагцаагаар гурван тэрбум хол давсан хүн өдөр бүр гудамжны хоолоор үйлчлүүлдэг байна. Тэдний олонх нь бага, дунд орлоготой иргэн, мөн жуулчид. Иргэд энэ төрлийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, хямд гэдэг үүднээс сонгодог болохыг илтгэх судалгаа өч төчнөөн бий. Эцэст нь өгүүлэхэд, “Гудамжны хоол хүнс нь эрүүл мэндэд учирч болзошгүй аюул, ариун цэвэр болон ёс суртахуун, нийтийн, хувийн эзэмшлийн талбайг хууль бусаар ашиглах, нийгэм, замын түгжрэл зэрэгтэй холбоотой санаа зовоосон асуудал ихтэй ч зайлшгүй байх ёстой үйлчилгээ, хамгийн энгийн бөгөөд нэн шаардлагатай хэрэглээ, нөгөөтээгүүр, урлаг, өв соёл мөн” гэдгийг олон улсын шинжээчид тэмдэглэжээ.