Монголын Эмнести интернэшнл олон улсын байгууллагаас жил бүр олон нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд өөрийнхөө үзэл бодлыг бүтээлчээр илэрхийлэх боломж олгох зорилгоор "Ярьдаг футболк" өдөрлөг зохион байгуулдаг. Тодорхой хэлбэл, иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн идэвхтэн тэмцэгч, иргэдэд өөрийн үзэл бодол, бусдад, төрд хүргэхийг хүсэж буй санаа зовниж буй асуудлаа үгээр, зургаар, өөрийн хүссэн загвараар илэрхийлэх боломжийг олгосон энэхүү арга хэмжээг 2014 оноос жил бүрийн тавдугаар сард зохион байгуулсаар ирсэн. Өнөө жил "Ярьдаг футболк" өдөрлөг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд болж, олон сонирхолтой үйл явдал өрнүүлжээ.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхгүйгээр бид сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүдэн шүүхээс ангид байх гэхчлэн иргэний, улс төрийн, эдийн засаг нийгэм соёлын бүхий л эрхээ шаардаж чадахгүйд хүрнэ. "Ярьдаг футболк" өдөрлөгөөр залуус хүний эрхийн боловсрол, соёл хандлагыг бий болгохын зэрэгцээ эрх тэгш нийгмийг хүсэж буй хүн бүрт авлигал, албан тушаалын гэмт хэрэг, хариуцлагагүй уул уурхай, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хүний эрхийн зөрчлүүдийг таслан зогсоох, эрүүдэн шүүхээс ангид байх, шаардлагатай орон байраар хангагдах, жендэрийн эрх тэгш байдлыг шаардаж үгээ хэлж, үзэл санаагаа илэрхийлэв. Мөн эв санаа нэгтэй бусадтайгаа гитартай дуулж, парад хийж, загварын үзүүлбэр толилуулж, нэг өдрийг хамтдаа тэмдэглэлээ.
Ул өдөрлөгт оролцохоор 30 гаруй байгууллагын 1000 гаруй хүний эрхийн идэвхтэн оюутан залуу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цугласан юм. Улмаар хүн бүр өөрийн өмсөх дуртай футболк дээрээ үзэл санаагаа урлаж, энэхүү парадад нэгдэн хүний эрхийн мессэж бичсэн. Урлаг бол нийгэмд эерэг өөрчлөлт, эв нэгдэл, эрх чөлөөг авчрах хүчтэй зэвсэг байсаар ирсэн. Үүний жишээ болгож Ярьдаг футболк өдөрлөгөөр 50 гаруй хүний эрхийн идэвхтнүүд цуглаж, алдарт John Lennon-Imagine дууг дуулж, энх тайван, хүнлэг байдлыг уриалсан юм.
Футболкны өдөрлөг улам бүр өргөжин тэлсээр Улаанбаатар хот, Архангай аймаг, Баян-өлгий аймаг, Дархан-Уул аймаг, Завхан аймаг, Орхон аймагт зэрэгт амжилттай зохион байгуулав.