Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад заасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн тул магадлалд заасан ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм.
Анхан шатны шүүхээс Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон бол Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал, Ё.Гэрэлчулуун нарт гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал,
- Э.Бат-Үүлд биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах,
- Б.Чулуудайд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15 360 000 төгрөгөөр торгох,
- А.Гантулгад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
- Т.Гэрэлт-Одод долоон сая төгрөгөөр торгох,
- Д.Жаргалсайханд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9 792 000 төгрөгөөр торгох,
- Ю.Алтангэрэлд 2 700 000 төгрөгөөр торгох,
- Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон зэргээр шийтгэж байв.
Мөн иргэний хариуцагч Бэрэн ХХК-ниас 9 тэрбум төгрөгийг, шүүгдэгч А.Гантулгаас 210 651 500 төгрөгийг, шүүгдэгч Т.Гэрэлт-Одоос 120 096 500 төгрөгийг, шүүгдэгч Ю.Алтангэрэлээс 10 500 000 төгрөг гаргуулан Төрийн орон сууцны корпорацад олгуулахаар шийдвэрлэж байжээ.