Нэг хүсэл, зорилготой гурван загвар зохион бүтээгч нэгдэж “Gradient of human” брэндийг үүсгэн байгуулжээ. Тодруулбал, Б.Эрдэнэ-Очир, М.Хумбага, И.Хатантуул нар трендээс гадуур, хэвшмэл бус, онцлог детальтай загварууд урладаг бөгөөд тэд загварын андерграунд урсгалыг Монголдоо таниулж буй. Тус брэндийнхэн “Өдөр тутмын, энгийн хувцас урлахыг хүсээгүй. Монголын загварын салбар дахь хоосон орон зайг нөхөхөөр шийдсэн нь трендээс гадуурх анти-фэшн урсгал юм. Тиймээс ганцхан улирал өмсөөд л моодноос гарчихдаг биш, хэзээ ч, яаж ч загварчилж өмсөхөд хоцрогддоггүй хувцас хийхийг хүслээ. Мөн загваруудыг хүйс хамаарахгүй, ямар ч насны хүн өмсөж болох онцлогтой” гэлээ. “Gradient of human” брэнд одоогоор “Autumn 7”, “Aero”, “Mute” зэрэг цуглуулга гаргаад буй.
А.ТАЙШИР