Орон даяар нийтээрээ биеийн тамираар хичээллэе, жингээ хасъя, булчингаа хөгжүүлье, эрүүлжье гээд байсан, яасан бэ. Хотын удирдлага иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжоор хангах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхийн тулд дүүрэг бүрийн нийтийн эзэмшлийн талбайг ашиглуулна гэсэн шүү дээ. Тэр юу болсон бэ. Лав одоогоор мэдэгдэх юм алга. Хоёр жилийн өмнө энэ тухай дарга нар телевиз болгоноор гоё ярьсан. Нэг удаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөөний тунгалаг наранд олон хүн эгнүүлэн зогсоогоод, дасгал хийж байгаагаар зургийг нь авч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацуулсан. Өөр юу хийсэн бэ.
Тухайн үед иргэдийн ухамсарт дасгал хөдөлгөөн хийе, дугуй унадаг болъё, гүйе, хүүхдүүдээ спортын дугуйланд хамруулъя гэсэн дохио хангинасан нь олон талаар мэдэгддэг. Гэтэл хаанахын нийтийн эзэмшлийн талбайд тааваараа гүйж, элдэв дасгал хийхээр байна вэ. Байрнаасаа гарлаа, машины дугуй доор хөлөө тавьчихгүй л бол их юм. Хотод ганц байдаг, үндэсний хэмээн тодотгосон цэцэрлэгт хүрээлэн рүү очоод, ирэх гэсээр байтал ажлаасаа хоцорно, арын амьдрал үрэгдэнэ биз дээ. Одоогоос хоёр жилийн өмнө нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэж байсан Ж.Батбаясгалан, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд, Соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нар Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын газрын дарга, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц болон албаны бусад хүнтэй уулзаж, энэ асуудлын эргэн тойронд ихэд албархгаар харилцан ярилцсаныг мөн л телевизийн олон сувгаар нийтэд цацсан юм даг. Тэгэхэд Ж.Батбаясгалан дарга “Нийслэлийн зүгээс Биеийн тамир, спортын газартай хамтарч ажиллах санал гаргаж байгаа юм. Түүнчлэн төрийн бус байгууллага, клуб, иргэдийн оролцоо ч үүнд чухал. Бүжгийн клубийн залуусын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өглөө 07.00 цагт зохион байгуулсан арга хэмжээнд очиход найман настай хүүхдээс 80-тай буурай хүртэл бүжгийн спортоор хичээллэж байсан. Энэ нь соёл урлагаар дамжуулж нийтийн биеийн тамирыг өрнүүлэх ёстойг илтгэж байгаа юм. Иргэд зөвхөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглах бус, дүүрэг бүртээ нийтийн эзэмшлийн талбайдаа идэвхтэй хөдөлгөөн хийх нөхцөл боломжийг нь бүрдүүлж ажиллах хэрэгтэй. Үүний нэг бол дугуйн замыг шинээр байгуулж байгаа явдал. Иргэд дугуй болон гүйлтийн замыг ашиглан өөрсдийгөө эрүүлжүүлэн чийрэгжүүлэх боломжтой” хэмээсэн.
Ц.Шаравжамц дарга хариуд нь “Иргэдийн хувьд ихэвчлэн алхах, гүйх, ууланд гарах, дугуй унах зэрэг дасгал хөдөлгөөнийг идэвхтэй хийдэг. Таны санаачилж буй олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгах нөхцөл боломжоор хангах бол зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг мөн. Нийтийн биеийн тамир, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хамтарч ажиллахдаа баяртай байна. Мөн бүжгийн спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх ажилд нийслэлийн Соёл, урлагийн газрынхныг оролцуулж буй нь чухал. Бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлэхийн төлөө хамтарч ажиллана” гэсэн. Дарга нар ингэж яриад бүхнийг мартаа юу гэлтэй.
Нөгөө талаар нийтийн биеийн тамирын асуудлыг ор тас мартчихсан гэж хэлэхээргүй мэт. Бүтээн байгуулалт өрнүүлсээр ирсэн. Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Баянгол, Чингэлтэй дүүрэгт спортын зургаан цогцолбор барих ажлыг үе шаттай хэрэгжүүлж, өвөл, зуны спортын төрлийн биеийн тамир, спорт, чийрэгжүүлэлтийн цогцолбор барьж байгуулах ажлыг дэмжин ажиллаж байгаа тухайгаа мөн л олонтоо сурталчилсан. Гэтэл өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн цогцолбороос бусад нь сураггүй л байна. Тус хоёр дүүргийн спорт цогцолборын байр барьсан цагаас хойш дүүргийнх нь иргэд хүүхдээ дугуйлан, секцэд явуулахыг тэсэн ядан хүлээжээ. Зарим нь очиж, спортын ямар, ямар төрлөөр хүүхдүүдийг хүлээж авч, сурган, бие бялдар, оюуныг нь хөгжүүлэх гэж байгаа талаар асууж сонирхсон байна. Эцэг, эхчүүд усан спорт, тэшүүрийг ихэд онцгойлсон байна билээ. Тэгэхэд аль, аль цогцолборынхон одоогоор хүүхэд хүлээж авахгүй байгаа тухайгаа хэлжээ. Ялангуяа усан спортын төрлийн дугуйлан мөд хичээллэхгүй байх, яагаад гэхээр энэ чиглэлийн мэргэжилтэн байхгүй хэмээсэн аж. Үнэхээр спорт цогцолборуудад байдал ийм байгаа, эсэхийг Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ц.Баянмөнхөөс тодруулахад “Манайх бэлэн болсон А блокт байдаг биеийн тамирын танхимаа бол нээсэн. Энд дүүрэг, нийслэлийн болон улсын чанартай тэмцээнүүдийг зохион байгуулсан. Мөн дүүргийнхээ иргэд, харьяа байгууллагынхныг хүлээж авч үйлчилж байгаа. Харин гуравдугаар блокт улсын комисс ажиллаад удаагүй байна. Дүгнэлтийг удахгүй гаргах байх. Бид орон тоо, төсөв хөрөнгийн асуудлаа нийслэлийн ИТХ-аар шийдүүлэхээр саналаа өгсөн. Усан бассейнд аврагчаас авхуулаад нарийн мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой нь үнэн. Улсын комиссын дүгнэлт гарахад, мөн орон тоогоо батлуулсны дараа үйл ажиллагаа хэрхэн явуулах талаар мэдээлэх болно. Дүүргийнхээ хороодын Засаг дарга нартай уялдаа холбоо сайтай ажиллаж, иргэдийг биеийн тамираар хичээллэх боломж, нөхцөлөөр хангахын төлөө ажиллах болно” гэв.
Тухайн үед буюу хоёр жилийн өмнө нийслэлийн удирдлагууд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх тухайд гоё үгсийг хэлэлцэн, мэдээлэл хийж байх үед Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх ч уг үйл хэргийг бүхий л талаар дэмжиж ажиллахаа мэдэгдэж байлаа. Тэрбээр “Бүх нийтийн биеийн тамир, спортын асуудлыг БСШУСЯ хариуцдаг бай-сан. Тэгвэл шинэ Засгийн газрын бүтцээр тус яамнаас биеийн тамир, спортын асуудлыг салгаж, Биеийн тамир, спортын улсын хороо байгуулах асуудлыг шийдсэн. Ийнхүү тус хороог яамнаас салгаж, агентлагийн статустай, Ерөнхий сайдын шууд эрхлэх асуудал дотор багтаан байгуулсан билээ. Би биеийн тамир, спортыг дэмжиж ажиллана. Өмнө нь бид их спортыг дэмжихэд анхаарал хандуулдаг байсан бол одоо бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллана” гэж хэлсэн. Дүүргүүд биеийн тамир, спортын цогцолборуудыг барьж байгуулахад хөрөнгө, төсөв талд нь Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх санаа тавьж, урагш зүтгүүлж ирсэн гэдгийг шат шатны удирдах ажилтнууд хэлдэг юм билээ. Гэхдээ цогцолбор барих бол зайлшгүй ажил байсан. Шинээр сэтгэсэн, ор хоосноос босгосон санаа, оноо биш. Чингэлтэй дүүргийн спорт хорооны байр, олны мэдэхээр “Хоршоолол” нийгэмлэгийг байргүй болгоод хэдэн жил болсон билээ. Тэгэхээр байх ёстойг бий болгосон.
Гагцхүү олон нийтийн, өөрөөр хэлбэл нийтийн ухамсраас ангид болоод удсан нийтийн биеийн тамирын тухай ойлголтыг сэргээх, түүнийг хөгжүүлэх замаар ард иргэдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд бодит ажлыг аль болох дуулиан шуугиан багатайхан шиг гэхдээ хурдтай, үр дүнтэй хийхийг төр, засаг, нийслэлийн удирдлага болон анхан шатны нэгж дээр ажиллагсдаас ч хүсэхээр байна даа. Одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч нийтийн биеийн тамирыг хөгжүүлье гэдэг. Богино ханцуйтай, булчингаа харуулсан цамц өмсөөд энэ тухай уриалж байсан удаатай. Гэтэл өнөөдөр бэлэн шахуу болсон спорт цогцолборуудад иргэдийг, хүүхдүүдийг хүлээж авахгүй удсаар байгааг тэрбээр мэддэг үү. Эс бөгөөс дүүрэг, нийслэл, улсын тэмцээнүүдийг, өөрөөр хэлбэл дарга нараас хамаат арга хэмжээнүүдийг хэл амгүй зохион байгуулчихдаг хэрнээ иргэдэд, хүүхдүүдэд хойрго хандсаар байх нь биеийн тамир, спортынхны энэ цагийн тренд үү.