Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын /НМХГ/-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тус газар иргэний мэдээллийн дагуу "Витафит" компанид хяналт шалгалт хийжээ.
Х.Нямбаатар "Хяналт шалгалтын үеэр тус компанид дөрөвдүгээр сарын 8-ны өдөр 900 граммын савлагаатай "Гэр" тараг нийт 50 341 ширхэг үйлдвэрлэгдсэн бөгөөд тус өдөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн агуулахад нь байгаагүй буюу бүгд борлуулагдсан байсан. Мөн гомдол гаргагчид тухайн бүтээгдэхүүн дотроос гаднын биет гарсан гэдгийг тодорхойлсон нотлох баримт байгаагүй тул лабораторийн шинжилгээнд хамруулж чадаагүй. Харин компанид нь хяналт шалгалт хийсэн юм.
Ингэхэд тус компанийн үйлдвэр дамжлага тус бүрдээ гаднын биет орохооргүй шүүлтүүртэй бөгөөд шат дамжлага бүр нь эгзэгтэй цэгийг хяналтаар дамжиж байдаг тул гомдол гаргагчийн хэлсэнчлэн гаднын биет орох боломж харагдаагүй. Гомдол гаргагч иргэн тухай таргийг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр худалдан авч задалж хэрэглэсэн ба түүнээс хойш зургаан хоногийн дараа дахин хэрэглэхэд тухайн гаднын биет нь илэрсэн байсан.
Тухайн бүтээгдэхүүний заавар дээр онгойлгосноос хойш +4-өөс -2 хэмд гурав хоногийн дотор хэрэглэнэ хэмээн заасан байв. Тэгэхээр гомдол гаргагч иргэний хэрэглэсэн таргийн хадгалалтын горим алдагдсаны улмаас хөгц, мөөгөнцөр үүссэн байж болзошгүй гэж үзэж байгаа" гэсэн юм.
Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоосонтой холбоотойгоор иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг, шошго дээр анхаарч, хадгалалтын хугацааг шошго дээр бичсэнийг мөрдөхийг зөвлөлөө.