Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор-2022” гурав дахь удаагийн нэгдсэн дадлага сургуулийг 2022 оны тавдугаар сарын 9-13-ны хооронд анх удаа хотын нөхцөлд, бодит байдалд нийцүүлэн зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд хүн ам олноор төвлөрсөн газрууд дахь (soft target) террорист халдлагын тоо улам бүр нэмэгдэж байна. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 20 жилд үйлдэгдсэн нийт террорист халдлагын тохиолдлуудын 72 хувь нь хүн ам олноор цугларсан газарт буюу зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газар, олон нийтийн жагсаал, цуглаан, тэмдэглэлт баяр ёслол, урт дараалал, авто вокзал, төмөр замын вокзал, онгоцны буудал, спортын үзвэр үйлчилгээний газар, сургууль, боловсролын байгууллагуудын орчимд үйлдэгдсэн байна. Ийм төрлийн газруудад террорист халдлага үйлдэхэд амар хялбар, учруулах хохирол их байдгаараа онцлогтой.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2017 оны 2341, 2396 дугаар тогтоолуудад улс орнуудыг хүн ам олноор цугларсан газарт террорист халдлага үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хамгаалах, мөрдөн шалгах, террорист халдлага үйлдэгдсэн тохиолдолд хор уршгийг бууруулах, хариу арга хэмжээ авах чиглэлээр төр болон хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх шаардлагатай гэж уриалсан. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Терроризмтой Тэмцэх Албанаас хүн ам олноор төвлөрсөн газруудын эмзэг байдлыг бууруулахад чиглэгдсэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
Тиймээс энэ удаагийн “Хаан шонхор-2022” нэгдсэн дадлага сургууль нь зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай эрх зүйн орчин шинэчлэгдсэн үед зохион байгуулагдаж буй гэдгээрээ онцлог юм. Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 10-ны өдөр Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм, 2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн даргын тушаалаар Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны заавар зэрэг баримт бичиг тус тус батлагдсан байдаг.
2022 оны нэгдсэн дадлага сургуулийг Монгол Улсын Терроризмтой Тэмцэх Зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсад террорист үйлдэл гарсан тохиолдолд Терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад холбогдох төрийн байгууллагуудын харилцан уялдаа, бэлэн байдлыг хангах чухал ач холбогдолтой юм.
Монгол Улс нь хэдийгээр терроризмын аюул заналын хувьд багаас дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн ч терроризмын аюул занал, эрсдэлд бэлэн байдлаа хангах чадамжийг тогтмол бэхжүүлж олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байх учиртай юм. Монгол Улс нь 2022 оны байдлаар олон улсын терроризмтой тэмцэх 19 олон улсын бичиг баримтын 13 бичиг баримтад нэгдэж орсон байдаг.