Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн гишүүд энэ оны гуравдугаар сарын 24-25-нд хуралдаад 2013 оноос хойш маргаан дагуулж буй 13 шүүгчийг ажилд нь томилох саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон юм. Тэднээс 10 хүнийг нь шүүгчээр томилох зарлиг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргахаар болсныг баттай эх сурвалжууд мэдээллээ. Шүүхийн тухай багц хуулийг 2013 онд анх хэлэлцэн батлахад Шүүх байгуулах тухай хууль багтсан. Эл хуулийн дагуу тухайн үед ажиллаж байсан анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, өөрчлөн байгуулсан тойргийн шүүхэд нь дахин томилох саналыг тухайн үеийн ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж байв. Гэвч тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчдийг тойргийн шүүхэд нь дахин томилсон зарлиг гаргахдаа 409 шүүгчээс 397-г томилж, 12-ыг нь томилоогүй үлдээсэн юм. Улмаар Шүүхийн тухай багц хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн буюу тойргийн шүүх байгуулсан нь “Эцэг хууль”-тай харшилсан. Тиймээс хуулийг 2015 онд шинэчлэн баталсан. Шинэ хуулийн дагуу шүүгчдийг чөлөөлж томилохдоо бас л энэ байдал давтагдаж, нэг шүүгчийг томилохгүйгээр албан тушаалаас нь огцруулсан түүхтэй. Тодруулбал, 2013 онд Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав, Ц.Батхүү, Л.Ганзориг, Налайх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч, Хэнтий аймаг дахь Сум дундын I шүүхийн шүүгч Р.Булган, Ховд аймаг дахь Сум дундын I шүүхийн шүүгч Л.Гэрэлмаа, Ховд аймаг дахь Сум дундын I шүүхийн шүүгч Б.Дима, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Жамбалсүрэн, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын II шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг, Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн шүүгч Ж.Наранбаяр, Өвөрхангай аймаг дахь Сум дундын II шүүхийн шүүгч Б.Отгонтуяа, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг нарыг томилоогүй. Мөн 2015 оны хуулийн дагуу Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмааг ажилд нь буцаан томилох зарлиг Ерөнхийлөгч гаргаагүй байдаг.
Шүүгч нар үүний үндэслэлийг тодруулах, албан тушаалдаа буцаан томилуулахаар ШЕЗ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хуульчдын холбоо, захиргааны хэргийн болон Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандсан ч амжилт ололгүй өнөөг хүрсэн. Юутай ч 2013 оноос хойш 10-аад жил ужгирсан 13 шүүгчээс 10 хүнийг албан тушаалд нь томилох нь. Харин гурван шүүгчийг хэрхэх нь тодорхойгүй байна.