Монголын Хуульчдын холбоос жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн Про Боно өдөр” болгон тэмдэглэж, өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай болсон. 2019 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, олон нийтэд хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, төрийн байгууллагуудын чиг үүрэг, үйл ажиллагааг иргэдэд таниулах зорилгоор хуульчдын про-боно өдөр болгон тэмдэглэж, өдөрлөг зохион байгуулж ирсэн. Энэ жил “Хүүхдийг гэмт хэргээс хамгаалах нь бидний үүрэг” сэдвийн хүрээнд тус өдөрлөг Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.
Энэхүү өдөрлөгт Улс, Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрууд оролцож иргэдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээс гадна прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг олон нийтэд таниулах ажлыг зохион байгууллаа. Тухайлбал, тус өдөрлөгт прокурорын байгууллагаас 4000 гаруй иргэдэд прокурорын байгууллагын чиг үүрэг болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээ, мэдээлэл өгч, гарын авлага тарааж ажиллажээ.
Прокурорын байгууллагаас улсын хэмжээнд “Хүүхдийн эрх” нэгдсэн аяныг “Хүүхэд бүрийн төлөө” уриан дор зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд нэгж прокурорын газруудаас харьяа нутаг дэвсгэр бүрдээ хүүхэд хохирсон, холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн талаарх судалгааг хийж цаашид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг гарахгүй байх, урьдчилан сэргийлэх ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.