Өнөөдөр олон улсын бүжгийн өдөр. Энэ бол бүжгийн бүхий л төрөл, бүтээн туурвигч, гүйцэтгэгчдэд зориулсан баярын өдөр бөгөөд ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын бүжгийн зөвлөлөөс санаачлан 1982 оноос тэмдэглэж иржээ. Манай улсын тухайд энэ жил нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн урлагийн бүхий л байгууллага хамтарч тэмдэглэлээ. Консерваторын Бүжгийн урлагийн сургууль, Урлагийн ажилтны холбоо хамтарч Ардын багш, Гавьяат жүжигчин, професор, нэрт бүжиг дэглээч, судлаач, багш Г.Долгорсүрэнгийн нэрэмжит гоцлол бүжигчдийн улсын анхдугаар уралдаан зохион байгуулав. Бүхий л театр, чуулгын шилдэг бүжигчид өрсөлдсөн уг арга хэмжээг гурван өдрийн турш явуулж, шагналтнуудыг өчигдөр тодрууллаа. Уралдааны III байрт ҮУИТ-ын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр, М.Мишээл нар шалгарчээ. Хоёрдугаар байрыг тус театрын гоцлол бүжигчин Э.Номин болон цагдаагийн “Сүлд” чуулгын бүжигчин Ё.Дамчаабадгар нар эзэлсэн. Тэргүүн байрт ҮУИТ-ын Г.Энхтэмүүжин болон “Улаанбаатар” театрын бүжигчин Б.Норовбанзад нар тодорсон бол гран при шагналыг ЦДБЭЧ-ын бүжигчин Х.Юүлэхорол хүртлээ.
Гоцлол бүжигчид ийнхүү өрсөлдөж байсан өдрүүдэд ДБЭТ-ын балетын жүжигчдийн хамтарсан “Nomadic ballet” продакшныхан “Долоон бурхан одны домог” орчин үеийн бүжгэн жүжгээ ирэх сарын эхээр үзэгчдэд дахин хүргэхээр бэлтгэж байв. ҮУИТ-ын бүжигчид Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжигт олноор ажилласан.