Монголд металл урсгалаар дагнан уран бүтээл туурвидаг хамтлаг, дуучин цөөн. 2014 онд “Noise” металл хөгжмийн наадмын тайзнаа уран бүтээлээ анхлан хүргэсэн “Growl of clown” хамтлаг дуучин Б.Хүрэлбаатар, бөмбөрчин Э.Алтан-Эрдэнэ, гитарчин Ж.Нямжав, О.Бархүү, аргил гитарчин Г.Ариун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй. Тус хамтлагийнхан бие даасан анхны цомгоо 2018 онд “The fallen city” буюу “Сөнөсөн хот” нэртэйгээр гаргасан. Энэ нь металл, тэр дундаа дэткор урсгалаар гаргасан Монголын анхны цомог гэдгээрээ онцлог. Дуу бүрээс нь хурц, шийдэмгий байдал мэдрэгддэг тус хамтлагийнхан хоёр дахь цомгоо “Салбадай” нэртэйгээр 2020 онд гаргасан юм. Тэгвэл уг хамтлагийнхан энэ урсгалаар Монголд анх удаа пянз гаргалаа. Пянзанд тэдний дээр дурдсан хоёр цомгийн дуунуудыг багтаажээ. Мөн пянзандаа зориулж дуунуудынхаа хөгжмийн найруулга, тохируулгыг шинэчилсэн байна. Эл пянзны баяраа “Аяны шувууд” нэртэйгээр хийж, үүгээр аялан тоглолтоо эхлүүлж буйгаа тэд онцолсон юм. Ташрамд дурдахад, “Growl of clown” хамтлаг 2015 онд БНХАУ-ын Бээжинд болсон “Metal hero”, 2018 онд ӨМӨЗО-ы Хөх хотод “Nine treasure” наадамд оролцсон. Мөн ОХУ-ын “Metal hail fest” олон улсын хөгжмийн наадамд “Extrovert”, “Stempline”, “Неизвестный исполнитель”, “Счастливый случай” зэрэг алдартай хамтлагтай хамт уран бүтээлээ хүргэж байсан. Түүнчлэн жил бүр “Wake up” металл хөгжмийн наадмыг зохион байгуулдаг юм.
Бэлтгэсэн А.Хангай