Манай улсын цэрэг, армийнхан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын чуулганыг Монголд зохион байгуулахаар болсон. Улмаар энэ сарын 4-нд энхийг сахиулагч эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэх аж. Уг ёслолын үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд эхэлж, Соёлын төв өргөөнд үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсаас 800 гаруй эмэгтэй алба хаагч оролцжээ.
Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш 60 жилийн хугацаанд НҮБ-ын зорилго, үйл ажиллагааг хүндэтгэн дэмжиж, сайн санааны туслалцаа үзүүлэх, зуучлах, эвлэрүүлэх талаар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ирсэн.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ талаар "НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” 1325 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэхээр зорин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцоо, тэдний туршлага сургамжийн талаар олон улсын хурлыг Улаанбаатар хотноо 2022 онд зохион байгуулж ажиллах гэж байна. Цаашид Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг тогтоох, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж, НҮБ-ын дүрэм, Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр батлагдсан мандаттай НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох оролцоогоо өргөжүүлэхийн тулд идэвхтэй ажиллана" хэмээсэн билээ.