Украин улсад болж байгаа дайны аюулаас амь өрсөн иргэд эх орондоо буцаж байгаа билээ. Монгол оюутнуудад Польш дахь Монголчуудын холбооноос ойр зуурын хүнс, хэрэглээний зүйлс, хэрэгтэй эм, утасны карт гэх мэт тэдний хүсэлтийг харгалзан шаардлагатай зүйлсийг авч тусалжээ.
Польш дахь Монголчуудын холбооны дэд тэргүүн Л.Сэржмядаг хэлэхдээ “Одоогийн байдлаар Украинд ажиллаж, суралцаж байсан 24 хүн Польшид ирсэн байна. Эдгээр хүмүүс дээр нэмэгдэж, шөнийн 4 цагт жаал хүүтэй хамт дөрвөн хүн ирсэн. Харьков хотод үлдсэн оюутнууд вагондоо бүгдээрээ сууж одоо Львов хот руу ирж яваа.
Бэртэж гэмтсэн хүн байхгүй. Оюутнууд буун дуунаас их айсан байсан. Нэг эмэгтэй оюутан цочиролд орсон байдалтай байна. "Автобус явж буйг онгоц нисэж ирж байна" гэж ухаан алдаж унасан. Эмч нар яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна.
Өнөөдөр Станбулын онгоцонд хэсэг хүмүүс нь сууна. Яг тоог нь хэлж мэдэхгүй байна. Онгоцны тийзийг Гадаад харилцааны яам, буудлын зардлыг Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайдын яам, харин хоол хүнснийг манай холбооноос дааж байгаа" хэмээв.
Монгол улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж болон Элчин Сайдын Яамны Консул А.Түвшин, жолооч Б.Арсланбаатар болон Элчин Зөвлөхийн хань Б.Баянмөнх нарын хамт олон баг бүрэлдэхүүнээрээ хичээж ажиллаж буйг тэрбээр онцоллоо.