Дэлхий даяар “Ковид-19”-ийн өвчлөл буурсаар, өнгөрсөн долоо хоногт 11.7 сая орчим халдвар бүртгэгдсэн нь хоёрдугаар сарын эхэн үеийнхээс хоёр дахин бага болжээ. Ази, Европын хэдэн улсыг эс тооцвол халдвар тархалтын түвшин бараг хаа сайгүй эрчимтэй буурч байна. Илэрсэн тохиолдлын тоогоор Герман улс жагсаалтын эхэнд бичигджээ. Тус улсад халдварын нэг сая гаруй тохиолдол гурван долоо хоног дараалан бүртгэгдсэн аж. ОХУ ухарч, жагсаалтын хоёрт оров. Тэнд халдвар дөрөвний нэгээр буурч, өнгөрсөн долоо хоногт 920 мянга бүртгэгдсэн байна. Сүүлийн өдрүүдэд халдвар 120 мянгаас буурсан нь нэгдүгээр сарын 29-нөөс хойш анх удаа багассан үзүүлэлт аж. Өмнөхөөс 150 мянгаар буурч, 520 мянган өвчтөн бүртгэгдсэн Бразил гуравт оржээ. Удаад нь орсон АНУ-д өвчлөл өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцсийн үзүүлэлт хүртэл буурсан байна. Тавдугаарт халдвар хамгийн хурдан тархсан Турк (480 мянга) бичигдлээ.
Европт өвчлөл түргэн буурч байгаа бол Азид Япон, Индонезэд өндөр хэвээр буюу хоногт 60 мянган хүн өвдөж байна. Харин Энэтхэгт хоёрдугаар сарын эхэн үеийнхээс 15 дахин бага буюу хоногт 10 мянга хүрэхгүй тохиолдол бүртгэгдэх болов. Өнгөрсөн долоо хоногт манай гарагт уг өвчнөөр 74 мянган хүн нас барсан нь өмнөхөөс бараг 13 мянгаар ихэсжээ. Нас баралт Япон, Индонез, Турк улсад өндөр хэвээр байна. Эл үзүүлэлтээр АНУ, ОХУ, Бразил жагсаалтын эхэнд бичигдэв.
Өвчлөлөөс үл хамааран улс орнууд хязгаарлах журмаа сулруулж байна. Ойрхи Дорнодын аялал жуулчлал, худалдааны төв Арабын Нэгдсэн Эмират Улсад гудамжинд амны хаалт зүүх, өвчтөнтэй ойр байсан хүмүүсийг заавал тусгаарлах журмыг цуцлав. Индонез гадаадын аялагчдыг ирэх дөрөвдүгээр сараас тусгаарлахаа болих зорилтын хүрээнд энэ сараас эхлэн Бали аралд ирэх жуулчдыг тусгаарлахгүй байж үзэхээр шийдсэн байна. АНУ-д эмнэлгийн ачаалал хэтэрч болзошгүй бүс нутгийн оршин суугчдад л битүү орчинд амны хаалт зүүхийг зөвлөх болжээ. Ингэснээр америкчуудын 70 гаруй хувь нь амны хаалт зүүх шаардлагагүй болов.