БНАСАУ Үндэсний сансрын технологийн хөгжлийн газар Батлан хамгаалахын шинжлэх ухааны академитай хамтран тагнуулын хиймэл дагуул бүтээх ажлын хүрээнд пуужин туршсаныг тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг нь уламжлав. Пёньян хотын Сунан нисэх буудлаас өнгөрсөн ням гарагт баллистик байж болзошгүй нэг пуужинг Япон тэнгисийн чиглэлд харвасан тухай БНСУ-ын цэргийнхэн мэдээлсэн билээ.
Туршилтын явцад өндөр нарийвчлалтай гэрэл зургийн төхөөрөмж, өгөгдөл дамжуулах системийн техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны нарийвчлалыг шалгасан гэнэ. Харвасан пуужиндаа суурилуулсан камераар авсан бололтой, Солонгосын хойгийг сансраас авсан зургуудыг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийтэлсэн байна. БНАСАУ энэ он гарснаас хойш ийнхүү найм дахь удаагаа пуужин туршлаа.