Байлдаан болж байгаагийн улмаас Украины 150 мянга гаруй иргэн эх орноосоо дүрвэн, хөрш орнууддаа очсон тухай НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди мэдээллээ. Тэдний тал нь Польш, олонх нь Унгар, Молдав, Румын рүү гарчээ. Украин дотроо дүрвэгсэд нэмэгдэж байгаа ч дайны улмаас тэдний тоог гаргаж, тусламж үзүүлэхэд хүндрэл учирч буй гэнэ. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донбасс Ард Улсын удирдагчид тусламж хүссэний хариуд ОХУ энэ сарын 24-нд Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн. Москватөлөвлөгөөндөө Украины газар нутгийг эзлэн авах асуудлыг тусгаагүй, тус улсыг цэргийн хувьд аюулгүй болгох зорилго тавьсан аж. ОХУ-ын арми Украины хотуудад цохилт өгөөгүй, зөвхөн цэргийн дэд бүтцийг ашиглалтаас гаргах тул энгийн иргэдэд аюул заналхийлэхгүй гэж Оросын БХЯ-наас мэдэгджээ. Цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Украины баруун хилүүд дээр автомашины урт дараалал үүсжээ. Европын Холбоо Украины дүрвэгсдийг хүлээн авахад бэлэн гэж Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгдсэн байна. Киевтэй хэлэлцээ хийхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь давшилтаа түр зогсоох тушаал өгсөн боловч яриа хэлэлцээнээс татгалзсан хариу авсныхаа дараа цэргийн ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу сэргээснийг түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ. Украины тал хэлэлцээ хийхээс татгалзсаны дараа Оросын зэвсэгт хүчин бүх чиглэлээр довтлох тушаал авсан гэж БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. Түүний хэлснээр, Донецк, Луганскийн цэргүүд ОХУ-ын зэвсэгт хүчний дэмжлэгтэйгээр Украины армийн байрлалын эсрэг амжилттай довтолж байгаа аж. Украины нийслэлд өнгөрсөн бямба гаргийн 17.00 цагаас өнөөдрийг хүртэл хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд тусгай эрхтэйгээс бусад тээврийн хөдөлгөөнийг хоригложээ. Мөн хугацаанд гудамжинд гарсан иргэдийг хорлон сүйтгэх, тагнах бүлэглэлийн гишүүнд тооцохыг мэдэгдсэн гэнэ.
ОРОСЫН БАНКУУДЫГ SWIFT-ЭЭС ХАСАХААР ТОХИРОЛЦОВ
Европын Холбоо, АНУ, Канад, Британи Оросын хэд хэдэн банкийг SWIFT-ээс хасахаар тохиролцсоныг Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен уламжлав. Мөн ОХУ-ын Төвбанкны хөрөнгийг битүүмжилж, Оросын олигархиуд хөрөнгө, мөнгөө тус холбооны зах зээлд ашиглахыг хоригложээ. Украинд явуулж буй цэргийн ажиллагаагаа ОХУ зогсоохгүй бол нэмж хориг арга хэмжээ авахаа Өрнөдийн орнууд мэдэгдсэн байна. Үүний өмнө Европын Холбоо Владимир Путин, Ерөнхий сайд Михаил Мишустин, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон бусад улстөрч, албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Тэрчлэн батлан хамгаалахын аж үйлдвэрийн компаниудад хязгаарлалт хийжээ. Брюссель санхүүгийн болон технологийн хязгаарлалтаа өргөжүүлсэн байна.
ОХУ-ын Төвбанк 640 тэрбум ам.долларын валютын нөөцтэй бөгөөд ихэнх нь Нью-Йорк, Лондон, Франкфурт зэрэг Өрнөдийн банкуудад хадгалагддаг. Эдгээрийг битүүмжлэх нь Оросын эдийн засагт асар их нөлөө үзүүлнэ гэж тэд үзэж байна. Алт, валютын нөөцдөө нэвтрэх боломж хаагдсанаар ОХУ банкуудаа дэмжих, зах зээлд интервенц хийх, рублийн ханшийг зохицуулах чадваргүй болно. Төвбанкны эсрэг арга хэмжээ нь банкуудаас их хэмжээний хөрөнгө гаргах, рублийн ханш унах, бизнес эрхлэгчдийг сандруулах зэргээр Орост санхүүгийн эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй аж. Өрнөдийн орнуудын уг хориг арга хэмжээний дараа Оросын банкны систем чөлөөт уналтад орно гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэнийг “Reuters” агентлаг уламжлав. Тэрчлэн АНУ, түүний холбоотнуудын хамтарсан мэдэгдлийн дагуу тэд өөр гурван үүрэг хүлээсэн байна. Нэгдүгээрт, Оросын Засгийн газартай холбоотой чинээлэг иргэдэд олгодог иргэншил буюу алтан паспорт худалдаж, санхүүгийн үйл ажиллагаандаа оролцох боломж олгодгийг тэд хязгаарлана. Хоёрдугаарт, хориг арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулна. Мэдэгдэлд “Оросын Засгийн газарт ойр албан тушаалтнууд, элитүүд, түүнчлэн тэдний гэр бүл, хамтран ажиллагсдын эсрэг хориг, санхүүгийн болон албадлагын бусад арга хэмжээ авч, тэдний харьяалалд байгаа хөрөнгийг илрүүлж, битүүмжлэхийг бид эрмэлзэж байна” гэжээ. Гуравдугаарт, АНУ, Канад, Европын Холбоо нь худал мэдээлэл болон дайны эсрэг бусад хэлбэрийн тэмцлээ эрчимжүүлэх үүрэг хүлээсэн байна.
SWIFT нь төлбөрийн систем биш ч дэлхийн санхүүгийн байгууллагууд мөнгө шилжүүлэх захиалга, гүйлгээний баталгаа болон бусад баримт бичиг солилцдог цогц гол суваг юм. Эл системийг дэлхийн бараг бүх улсын 11 мянга орчим байгууллага, түүний дотор санхүүгийн бус үйл ажиллагаа явуулдаг нь ашигладаг. Зарим нэг тооцооноос үзвэл уг системээр жилд таван тэрбум гаруй мэдээлэл дамжин өнгөрдөг. Зарим улс банк хоорондын харилцааны бие даасан системтэй ч үүгээр дамжуулан гадаад валютаар гэрээ байгуулах боломжгүй учраас SWIFT мэдээлэл дамжуулах гол суваг нь болдог аж. Гэсэн ч Европын Холбооны улс болох Бельгид бүртгэлтэй, төвтэй Европын компанийн хувьд тус холбооны ерөнхий шийдвэрийг дагаж, хоригт өртсөн банкуудыг өөрөөсөө салгах боломжгүй. SWIFT-тэй харилцах боломжоо алдах нь зөвхөн санхүүгийн төдийгүй нэр хүндээ алдана гэсэн үг юм. Украины хямралын жилүүдэд Орос ийм хувилбарт бэлтгэж чадсан бөгөөд эдийн засгийн хохирол нь найман жилийн өмнөх шиг тийм ч их биш байж болох ч тус улсын бизнес эрхлэгчид цохилтод бэлтгэх хэрэгтэй болж байна. Юуны түрүүнд банкны салбар олон жилээр ухарна. Оросын нэг банк төлбөрийн даалгаврыг нөгөө рүү шилжүүлэхдээ урьд нь SWIFT-ийг ашигладаг байсан бол одоо харилцааны шинэ арга зам хайх хэрэгтэй болов. Энэ нь үнэ өсөж, санхүүгийн урсгал огцом удааширч, дэлхийн худалдааны эрин үед Оросын бизнесийг удаан хугацааны түгжрэлд оруулах юм. SWIFT-ээс банкуудаа салгахад хүргэсэн хоригт өнөөг хүртэл зөвхөн Иран, Хойд Солонгос орсон байдаг.
КИЕВТ ТУСЛАХ ХӨДӨЛГӨӨН ӨРНӨЖЭЭ
Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррель тус холбооны гишүүн 27 орны Гадаад хэргийн сайд нарыг яаралтай хуралдуулж, Украины зэвсэгт хүчинд тусламж илгээх санал тавьжээ. Украинд болж буй байлдааны ажиллагааны хүрээнд Франц 9500 орчим цэргээ дайчилж байна. Өөр 8000 цэрэг НАТО-гийн шуур шуурхай ажиллагааны хүчний бүрэлдэхүүнд бэлэн байдалд оржээ. Австрали, Нидерланд, Герман зэвсэг нийлүүлэх гэж буй бол АНУ цэргийн 600 сая долларын яаралтай тусламж үзүүлж байна. Үүний сацуу Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг НҮБ-аас уриалжээ.
АГААРЫН ХИЛЭЭ ХААЛАА
Латви, Литва, Словени, Эстони агаарын хилээ хаасны хариуд ОХУ тэдгээр улсын транзит нислэгийг хязгаарлажээ. Цэргийн ажиллагаа эхлэхээс өмнө Оросын нисэх онгоцнуудад Румын, Словени, Болгар, Польш, Чех агаарын хилээ хаасан юм. Мөн Британи хязгаарлах арга хэмжээ авсан. Европын Холбоо ч мөн адил Оросын нисэх онгоцнуудад агаарын орон зайгаа хаахаар бэлтгэж байна.
ФИНЛАНДЫГ НАТО-Д ЭЛСҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ НЬ
Финландыг НАТО-д элсүүлэх талаар бүх нийтийн санал хураалт явуулах өргөх бичигт хэдхэн өдрийн дотор 50 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ. Үүнийг тус улсын парламентад хэлэлцүүлэх гэж байна. Элсэх хүсэлт гаргасан Финланд, Шведийн хүсэлтийг ойрын хугацаанд хэлэлцэж магадгүй гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ. Тэрчлэн үндэсний аюулгүй байдал хөндөгдвөл тус эвсэлд элсэх асуудлыг хэлэлцэхээ Финландын Ерөнхий сайд Санна Марин уламжилж байв.
Өнгөрсөн оны эцсээр Орос улс АНУ болон НАТО-д аюулгүй байдлын шаардлага тавьсан юм. Харин НАТО нээлттэй хаалганы бодлогоо үргэлжлүүлэн баримтална гэдгээ мэдэгдсэн. Хэрэв Швед, Финланд улс НАТО-д элсвэл Орос хариу арга хэмжээ авна хэмээн ОХУ-ын ГХЯ анхааруулсан билээ. Үүний өмнө Украиныг НАТО-д элсүүлэхийг ОХУ эсэргүүцсэн юм. Украин тус эвсэлд элсвэл Крымийг Киевийн хяналтад цэргийн аргаар эгүүлэх авах зэвсэг болно гэж ОХУ үзэж буй аж.
ХЭН ДЭЛХИЙ НИЙТЭД АЮУЛ УЧРУУЛДГИЙГ МАРТАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Лизянв дэлхийн II дайны дараа АНУ-ын бөмбөгдөлтөд өртсөн орнуудын жагсаалтыг нийтэлжээ. Тэрбээр твиттер хуудсандаа “Хэн дэлхий нийтэд аюул учруулдгийг хэзээ ч мартаж болохгүй” гэсэн бичвэрийн доор уг жагсаалтаа бичсэн аж. БНХАУ-ын ГХЯ өмнө нь Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, бүх улс орны бүрэн эрхт байдлыг хамгаалж, аюулгүй байдлын баталгааны талаарх Оросын шаардлагыг харгалзан үзэхийг уриалжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн ажиллагааг буруушаасан хэд хэдэн улсын тогтоолын талаар санал хураахад Бээжин түдгэлзсэн байна. Москва хориг тавих эрхийг ашиглажээ. Үүний сацуу Зүүн өмнөд Азийн улсуудын холбооны Гадаад хэргийн сайд нар Украинд энхийн замаар яриа хэлэлцээ хийх боломж бий гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлсэн байна.