Украин улсад суугаа монгол иргэдээ татан авах ажлын явц, нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ.
ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Бямбасүрэн: Украинд нөхцөл байдал амаргүй хэвээр. Өнгөрсөн 24 цагт Их долоо-гийн уулзалт, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн уулзалт зэрэг хэд хэдэн уулзалт олон улсын түвшинд явагдлаа. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ-ын үйл ажиллагааг буруутгасан тогтоолыг хэлэлцсэн. 15.00 цагийн байдлаар ямар нэг шийдвэрт хүрээгүй байна. Сөргөлдөгч талууд хэлэлцээний ширээнд сууя гэсэн санаачилгууд гаргасан ч ямар нэг ахиц гараагүй байна. Нөхцөл байдлыг ГХЯ анхааралтай ажиглаж байна. Манай улс Украин улсад байгаа иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байна.
ГХЯ-ны Консулын газрын захирал Болд: Хоёрдугаар сарын 25-нд Монгол Улсын дөрвөн иргэн Польшийн хилээр нэвтэрсэн. Гурав нь өнөөдөр Монгол руугаа ниссэн. Нэг иргэн хувийн ажлаар Европын өөр улс руу зорчсон. Өнөөдөр /2022.02.26/ дөрвөн монгол иргэн Польшийн хилээр нэвтэрсэн. Варшав хот дахь ЭСЯ-ны ажилтан тосож авсан, удахгүй Варшав руу хөдөлнө. Нэг иргэнийг Украин Польшийн хилийн бүсээс орж авсан. Нийт найман иргэн нэвтрээд байна.
Киевээс 11 оюутан, хоёр байнга оршин суудаг иргэн, Одесс хотоос гурван монгол иргэн одоо Украины хил рүү ирж байгаа. Эдгээр 16 иргэнээ авахад дэмжлэг үзүүлэхээр Унгар, Чехийн ЭСЯ-ны ажилтнууд Польшийн хил дээр ирээд байна. Мөн иргэдээ авчрах ажилд дэмжлэг үзүүлэхээр ГХЯ-наас орос, польш хэлтэй туршлагатай дипломатчдыг өнөөдөр Варшав хот руу явуулсан.