ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Эх орноо хамгаалагчдын өдрийг тохиолдуулан цэргийн алба хаагчдадаа баяр хүргэжээ. “Өнөөдөр улсынхаа батлан хамгаалах чадварыг хангах нь төрийн хамгийн чухал зорилт хэвээр байна. Зэвсэгт хүчин нь үндэсний аюулгүй байдал, иргэдийн амар, тайван амьдрал, Орос улсын тогтвортой, дэвшилтэт хөгжлийн найдвартай баталгаа юм. Олон улсын нөхцөл байдал ямар хэцүү болж байгааг, зэвсэглэл, эсвэл НАТО-гийн цэргийн үйл ажиллагааны идэвхжил зэрэг одоо байгаа сорилтуудад хяналт тавих системийг сулруулах нь ямар аюул дагуулж буйг бид харж байна. Бүх улс орныг найдвартай хамгаалсан тэгш, хуваагдашгүй аюулгүй байдлын тогтолцоог бий болгох тухай ОХУ-ын уриалгад хариу өгөөгүй байна” гэж тэрбээр тэмдэглэв.
Түүний хэлснээр Орос улс шууд, шударга яриа хэлэлцээ хийх, мөн хамгийн ээдрээтэй асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх замыг эрэлхийлэхэд үргэлж нээлттэй байна. Өдгөө дэлхийд байхгүй зэвсгээ ОХУ байлдааны жижүүрт гаргаснаа В.Путин тэмдэглэжээ. “Бид дуунаас хэт хурдан болон физикийн шинэ зарчимд суурилсан ирээдүйтэй зэвсгийн системийг үргэлжлүүлэн хөгжүүлж, дэвшилтэт дижитал технологи, хиймэл оюун ухааны элементүүдийн хэрэглээг өргөжүүлнэ” гэж ОХУ-ын Төрийн тэргүүн хэлсэн байна.