Холын тээврийн жолооч нар болон тэднийг дэмжигчдийн зохион байгуулж буй, коронавирусийн хязгаарлалтыг эсэргүүцсэн, Канадыг бүхэлд нь хамарсан жагсаалыг зогсоохын тулд Онц байдлын тухай хуулийг хэрэглэхэд бэлэн байгаагаа тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгджээ. Уг хуулийг тус улс урьд өмнө хэзээ ч хэрэглэж байгаагүй аж. 1988 онд баталсан эл хуулийг олон нийтийг хамарсан цуглаан, хөдөлгөөнийг, эсвэл төрийн болон бусад өмч хөрөнгөд иргэд халдахыг хориглоход ашиглаж болно. Зөрчсөн этгээдийг 5000 хүртэл доллароор торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Канадын холын тээврийн жолооч нарт өнгөрсөн сарын 15-наас дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байх, эсвэл 14 хоног тусгаарлах шаардлага тавьсан нь өнөөг хүртэл үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал гарах шалтгаан болсон юм. Жагсагчид коронавирусийн цар тахалтай холбогдуулан тогтоосон бүх хязгаарлалтаа цуцлахыг эрх баригчдаасаа шаардаж байна