ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины эргэн тойрсонд үүссэн нөхцөл байдал болон аюулгүй байдлын баталгааны асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн байгааг түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков CNN телевизэд мэдэгджээ. “Юуны түрүүнд Ерөнхийлөгч В.Путин хэлэлцээ хийж, асуудлыг дипломат арга замаар шийдэхийг үргэлж шаардаж буй. Тиймээс ч тэрбээр ОХУ-ын аюулгүй байдлын баталгааны асуудлыг санаачилсан. Украин бол эл том асуудлын ердөө нэг хэсэг учраас хэлэлцээ хийхэд бэлэн” гэж Д.Песков тодотгосон байна.
В.Путин Германы Канцлер Олаф Шольцтой Москвад уулзахаар товлосон. Үүний өмнө О.Шольц Украины удирдагч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийжээ. ОХУ халдвал Украиныг Өрнөдийн орнууд дэмжихийг О.Шольц нотолсноо хэлэлцээний дараа болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв. Түүний хэлснээр Донбассын онцгой байдал, тэнд сонгууль явуулах тухай хуулийн төслийг Украин тус бүс нутгийн асуудлаарх холбоо барих бүлэгт хэлэлцүүлэхээр өргөн барина гэдгээ В.Зеленский баталжээ.
Тэрбээр өнөөдрийг Эв нэгдлийн өдөр болгон зарласан. Түүний хэлснээр энэ өдөр Орос Украин руу довтолж болзошгүй. Тэрбээр ард түмэндээ Төрийн далбаагаа намируулж. хөх, шар өнгийн тууз зүүж, эв нэгдлээ дэлхий нийтэд харуулахыг хүсжээ. Үүний өмнө тэрбээр АНУ-ын Төрийн тэргүүн Жозеф Байденыг Киевт айлчлахыг урьж, ойрын өдрүүдэд ирвэл тус бүс нутгийн хурцадмал байдлыг намжаахад хувь нэмэр оруулна гэж найдаж буйгаа илэрхийлжээ. Өнгөрсөн ням гарагт тэд утсаар ярьж, энх тайван байдал тогтоох алхмуудыг хэлэлцсэн байна. Украинд үзүүлэх олон улсын дэмжлэгийг нэгтгэхэд АНУ-ын хүчин чармайлт чухал болохыг энэ үеэр В.Зеленский тэмдэглэсэн аж. “Аюулгүй байдлын баталгаатай болох асуудлыг янз бүрийн хэлбэрээр хэлэлцэхэд бид бэлэн. Украины аюулгүй байдлыг хангахгүйгээр Европын аюулгүй байдлыг хангах боломжгүй” гэж В.Зеленский хэлжээ. Гэвч Ж.Байдан Киевт айлчлах, эсэх нь тодорхойгүй юм.
Үүний зэрэгцээ Украины байдал түгшүүртэй хэвээр байна. АНУ-ын эрх баригчид ЭСЯ-аа Киевээс Львов руу түр шилжүүлж, ингэхдээ ашиглаж байсан сүлжээний тоног төхөөрөмж, компьютер, суурин утсаа ашиглах боломжгүй болгох үүрэг өгснийг “Wall street journal” сонин уламжлав. Өдгөө аюулгүй байдлын үүднээс 40 орчим улс Украинаас гарахыг иргэддээ уриалжээ. Харин НҮБ Украин дахь үйл ажиллагаагаа хэвийн явуулж, Төлөөлөгчийн газартаа ямар нэгэн өөрчлөлт хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Үүний
өмнө Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын гишүүн зарим орон өмнө нь Тусгай хяналтын төлөөлөгчийн газрын ажилтнуудаа Украинаас гаргахаар шийдсэн аж. Ойрын өдрүүдэд оросууд Украин руу түрэмгийлэх эрсдэлтэй байгаа тухай өнгөрсөн долоо хоногт Цагаан ордон мэдэгдсэн. Үүний дараа АНУ, Британи ЕАБХАБ-ын Тусгай хяналтын төлөөлөгчийн газрын ажилтнуудаа татжээ. Гэсэн ч тус төлөөлөгчийн газар үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж, ажиглагчид нь Украины 10 хотод байрласаар байна.
Нөгөөтээгүүр, Украины агаарын орон зайд үйлчилдэг “Украэрорух” төрийн байгууллага энэ сарын 14-19-нд Хар тэнгисийн дээгүүрх агаарын орон зайд аюултай байж болзошгүй бүсийг идэвхжүүлснээ мэдээлэв. Урьд нь ОХУ мөн хугацаанд пуужин харвахтай холбогдуулан Хар болон Азовын тэнгисийн зарим хэсэгт нислэгийг хязгаарлах тухайгаа олон улсад анхааруулсан билээ. Оросын эл шийдвэрийн улмаас худалдааны хөлөг онгоцуудыг нэвтрүүлэхгүй бөгөөд энэ нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн ноцтой үр дагаварт хүргэнэ гэж Украины ГХЯ мэдэгдсэн. Мөн Оросыг олон улсын хэд хэдэн дүрэм, журам зөрчсөн гэж буруутгасныг тус улсын Төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков няцаасан билээ. Дараа нь ОХУ хязгаарлалтаа цуцалсныг Украины Хилийн алба нотолжээ.
Сүүлийн үед Өрнөдийн орнууд болон Киевт оросууд Украин руу довтолж болзошгүй тухай мэдэгдэх болсон юм. Харин Д.Песков үүнийг түгшүүртэй байдлыг хурцатгасан, үндэслэлгүй мэдээлэл гээд, ОХУ хэнд ч заналхийлээгүйг удаа дараа цохон тэмдэглэж байна.