Энэтхэгийн 13 настай сурагч Анушка Жолли сургууль дээр дээрэлхэх гэмт хэрэгтэй тэмцэх дижитал платформ, гар утасны аппликэйшн зохион бүтээж, таван сая рупи буюу 66 400 орчим ам.долларын санхүүжилт авсныг “Press trust of India” агентлаг мэдээлэв.
Түүний есөн настай байхад ангийнхан нь дээрэлхэж, доромжилдог байжээ. Үүнийг нийтлэг үзэгдэл болохыг ойлгосон тэрбээр гурван жилийн өмнө сурагчид болон эцэг эхчүүдэд ийм тохиолдлын талаар нэрээ нууцлан мэдээлэх платформ бий болгохоор шийдэж, үүнийгээ “Дээрэлхэхтэй тэмцэх отряд” гэж нэрлэсэн байна. Өдгөө Анушка ийм тохиолдлын талаар мэдээлэх гар утасны “Кавач” (“Хуяг”) программ бүтээжээ. Жолли нь хөрөнгө оруулагчдад гарааны бизнесээ танилцуулдаг, телевизийн (“Shark tank India”) шоуны хамгийн залуу оролцогч болжээ. Түүний санаачилга таван сая рупигийн хөрөнгө оруулалт татсан байна. Анушкагийн платформ 100 гаруй сургууль, коллежийн 2000 гаруй оюутанд тусалсан гэнэ.