Энэтхэгийн бүрэн эрх, аюулгүй байдалд заналхийлж болзошгүй хэмээн Шинэ Дели үзэж, Хятадын гар утасны 54 аппликэйшнийг хориглох гэж буй тухай NDTV суваг Засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлэв. Хориглохоор төлөвлөж буй аппликэйшнүүдийн дунд “Sweet selfie HD”, “Beauty camera - Selfie camera”, “Viva video editor”, “Tencent xriver”, “Onmyoji arena”, “AppLock”, “Dual space lite” зэрэг багтжээ.
Энэтхэг улс Хятадын гар утасны аппликэйшнд урьд нь хэд хэдэн удаа хориг тавьсан. Тухайлбал, өнгөрсөн онд “TikTok”, “WeChat”, “Helo” зэрэг алдартай 59 аппликэйшнийг хориглосон байна. Нийт 300 орчим аппликэйшнийг хаажээ. Энэ нь 2020 онд Энэтхэг, Хятадын хил дээр тус хоёр орны 250 орчим цэрэг оролцсон мөргөлдөөн гарсны дараа эхэлсэн юм. 2020 оны зургадугаар сарын 15-16-нд шилжих шөнө Галван голын орчимд шинэ мөргөлдөөн гарч, хоёр талын цэрэг амь үрэгдсэн билээ. Цэргийн болон дипломатын түвшинд удаа дараа хэлэлцээ хийсний дараа талууд өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн хилийн маргаантай бүс нутгаас цэргээ үе шаттайгаар харилцан гаргах ажлыг эхлүүлжээ.