“Ковид-19”-ийн халдвар авсан 18 сая орчим тохиолдол дэлхийд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногийнхоос дөрвөн саяар бага байна. Энэ нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа буурсан үзүүлэлт аж. Оны эхээр омикрон хэлбэрийн улмаас илэрсэн тохиолдол дахин оргилдоо хүрсэн улс орнуудад халдварын түвшин огцом буурчээ. Гэсэн ч хэд хэдэн улсад шинэ ноцтой дэгдэлтүүд бүртгэгдэж байна. Тухайлбал, АНУ-д өдөрт 900 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн өнгөрсөн сарын дунд үетэй харьцуулахад өвчлөл бараг тав дахин багассан гэнэ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 70 хувиар буурчээ. Баруун Европын бараг бүх оронд халдварын түвшин багассан аж. Франц, Британид л гэхэд дөрвөн долоо хоногт халдварын тоо бараг хоёр дахин буурч, өдөрт 140 болон 150 мянган тохиолдол бүртгэгдэв. Азийн орнуудын дотор Энэтхэгт огцом бууралт ажиглагдаж, өнгөрсөн сарын сүүлчээр өдөрт бараг 350 мянга орчим халдвар бүртгэгдэж байсан бол одоо 50 мянга орчим байна. Филиппинд сүүлийн долоо хоногт өвчлөл зургаа дахин буурчээ. Гэсэн ч өвчлөл зарим газарт буурахгүй байна. Германд энэ сарын эхнээс хойш халдварын тохиолдол 25 хувиар өссөн бөгөөд одоо өдөрт 240 мянга орчим бүртгэгдэх болов. Зүүн Европын ихэнх оронд шинэ дэгдэлт бүртгэгдэж, Украинд халдварын тархалт туйлдаа хүрч, өдөрт 40 мянга давах болжээ. Азид Японд халдварын тархалт огцом өссөн бөгөөд өдөр бүр бараг 100 мянган тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх давлагаануудад байгаагүй үзүүлэлт юм. Тус улс коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоогоор дэлхийд 19 дүгээрт оржээ. Үүнээс гадна Турк улсад халдварын тархалт үргэлжилсээр буй бөгөөд өдөрт 100 мянга гаруй хүн халдвар авч байна. Нэгдүгээр сарын эхээр энэ тоо 60 мянга байсан гэнэ.
Өмнөх хэлбэрүүдийг бодвол хөнгөн явцтай гэгдэх омикроны халдварын улмаас нас баралт гурван долоо хоног дараалан нэмэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт уг өвчнөөр манай гарагт 76.4 мянга гаруй хүн нас барсан нь өмнөхөөс 2000-аар, нэгдүгээр сарын эцсийнхээс 11 мянгаар олон байна