Франк-Вальтер Штайнмайерыг ХБНГУ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалд улираан сонгох шийдвэрийг Холбооны хурлын 1472 гишүүний дийлэнх олонх буюу 1045 нь дэмжив. Холбооны хурал нь Германы улс төр, холбооны улсын тогтолцоон дахь Үндсэн хуулийн тусгай байгууллага юм. Тус байгууллага нь Ерөнхийлөгчийг сонгохоор таван жил тутамд, эсвэл сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгаснаас хойш 30 хоногийн дотор хуралддаг. Холбооны хурлын бүрэлдэхүүн нь Бундестаг болон Германы холбооны 16 мужийн байдлыг тусгасан байдаг. Штайнмайер улиран сонгогдсоныхоо дараа үг хэлэхдээ ОХУ хил рүүгээ цэрэг татсаныг зөвтгөх аргагүй бөгөөд үүнийг Украинд заналхийлсэн алхам гэж үзэж буйгаа мэдэгдэв. “Зүүн Европт цэргийн мөргөлдөөн, дайн дэгдэж болзошгүй байна. Үүний хариуцлагыг ОХУ үүрнэ” гэж тэрбээр хэлжээ.
Штайнмайер Канцлер Ангела Меркелийн нэг болон гурав дахь эвслийн танхимын Гадаад хэргийн яамыг удирдаж байсан. Германы нийгмийн туйлшрал улам бүр газар авч буй нь Штайнмайерыг хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа зуучлагч, зохицуулагчийн үүргээ биелүүлэхэд улам хүндрэл учруулна гэж ажиглагчид үзэж байна.