Австралийн эрх баригчид сүүлийн 10 жилийн хугацаанд коалагийн амьдрах орчин байсан 25 мянган га ойг, ялангуяа уул уурхайн олборлолтод зориулан устгахыг зөвшөөрчээ. Тус улсын Зэрлэг ан, амьтдыг хамгаалах сангаас ийм мэдэгдэл хийсэн байна. Австралийн Байгаль орчны яамнаас мэдээлснээр сүүлийн 20 жилд Шинэ Өмнөд Уэльс мужид коалагийн тоо толгой 60, Күинслендэд 50 хувиар буурчээ. 2019-2020 оны ой, хээрийн түймрийн улмаас 5000 гаруй коала үрэгдэж, тоо толгой нь 24 хувиар цөөрсөн гэж байгаль орчны мэргэжилтнүүд үзэж байна. 2020 онд судалгаа явуулахад коалагийн тоо толгойг нэмэгдүүлэхийн тулд яаралтай арга хэмжээ авахгүй бол 2050 оноос өмнө устаж үгүй болно гэсэн дүн гарч байсан. Өнгөрсөн оны есдүгээр сард тус улсын Байгаль хамгаалах сан тивийнхээ онгон байгальд 80 мянгаас илүүгүй коала үлдсэнийг мэдээлсэн билээ. Харин энэ онд Австрали улс энэ амьтныг устаж буй төрлийн жагсаалтад оруулжээ.