Туркменистаны Сонгуулийн төв комисс Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд бэлтгэж байна. 2007 оноос хойш тус улсыг удирдаж буй Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа мэдэгдсэн юм. Түүний хүү сонгуульд ялах өндөр магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Сонгууль ирэх сарын 12-нд болно. Туркменистаны Ерөнхийлөгч нь төрийн эрх барих бүрэн мэдэлтэй бөгөөд Үндсэн хуулийн дагуу хэдэн ч удаа улиран сонгогдох боломжтой. Гэвч Гурбангулы Бердымухамедов өөрөө дарга нь болох парламентын дээд танхимын хуралдааны дараа ийм шийдвэр гаргаснаа гэнэт мэдэгджээ. Туркменистаны төв мэдээллийн агентлагийн дамжуулснаас үзвэл тус улсын төрийн удирдлагыг орчин үеийн өндөр шаардлагад нийцсэн боловсролтой залуу манлайлагчдад өгөхийг тэрбээр дэмжиж байна. Тэгэхдээ 64 настай Г.Бердымухамедов дээд танхимын даргын албан тушаалдаа үлдэх бололтой.
Тэрбээр мэдэгдэлдээ номлогчийн буюу 63 насанд хүрснээ тэмдэглэжээ. Исламын шашны номлогч Мухаммед 64 насандаа мөнх бусыг үзүүлсэн аж. Тиймээс 63 нас хүрсэн исламын шашинтан амьдралынхаа алдаа болон амжилтыг эргэн харахыг эрмэлздэг гэнэ.
Гурбангулы Бердымухамедов нь шүдний эмч мэргэжилтэй. Тэрбээр тус улсын хамгийн нөлөө бүхий текинчүүдийн төлөөлөгч. 1997 онд Туркменистаны Эрүүл мэндийн, 2001 онд Шадар сайдаар томилогдон ажилласан. Өмнөх Ерөнхийлөгч Сапармурат Ниязовыг нас барсны дараа оршуулгын комиссыг нь тэргүүлж, дараа нь Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч болжээ. Уг нь Туркменистаны Үндсэн хуулийн дагуу парламентын дарга Овезгелды Атаев үүрэг гүйцэтгэгч болох ёстой байсан ч түүний эсрэг гэнэт эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Г.Бердымухамедов сүүлийн жилүүдэд улам хачирхалтай зүйлс, тэр дундаа өөрийн зохиосон дууны клипийг телевизээр тогтмол гаргах болжээ. Тэдгээрийн нэг нь Ерөнхийлөгчид бэлэглэсэн, ахалтек адуу Ровачийн тухай реп дуу юм. Г.Бердымухамедовын жүчээнд өндөр үнэ бүхий 130 орчим морь байдаг аж. Тэрбээр мөн улс төрийн болон бусад сэдвээр ном бичдэг. Туркменистаны ГХЯ-наас нээсэн Г.Бердымухамедовын бүтээлийн цахим санд 60 гаруй ном байгаагийн дийлэнхийг гадаад хэлээр орчуулжээ.
Туркменистан нь дэлхийн хамгийн хаалттай орнуудын нэг хэвээр байна. Тус улсад хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг хэмээн хүний эрхийг хамгаалагчид мэдэгддэгийг эрх баригчид нь үгүйсгэдэг. Гурбангулы Бердымухамедов сүүлийн жилүүдэд ганц хүү Сердартаа улс төрийн карьераа хөгжүүлэхэд нь идэвхтэй тусалж байгаа аж. Тухайлбал, Шадар сайдын албан тушаал бий болгож, үүнд Сердарыг томилох тухай зарлигт өнгөрсөн оны хоёрдугаар сард гарын үсэг зуржээ.
Сердар үйлдвэрлэлийн бүхий л салбарт дижитал болон шинэ технологи нэвтрүүлэх асуудал хариуцдаг. Хуулиар 40-өөс дээш насны хүн Ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой бол Сердар Бердымухамедов өнгөрсөн оны есдүгээр сард үүнд хүрчээ. Тэрбээр өнөөг хүртэл Гадаад хэргийн дэд сайд, Аж үйлдвэрийн сайд, Ахал мужийн захирагчаар ажиллаж байжээ. Туркменистаны Аюулгүйн зөвлөлийн гишүүн тэрбээр сонгуульд оролцох, эсэхээ мэдэгдээгүй байна.