ОХУ Украин руу дайрахаар бэлтгэж байгаа, бүр энэ долоо хоногт халдаж болзошгүй гэдэгт Өрнөдийн орнууд бат итгэлтэй байгаа бололтой. Дайн дэгдэхээс зайлсхийхийг хичээн Францын удирдагч Эммануэль Макрон, Цагаан ордны тэргүүн Жозеф Байден нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар холбогджээ. Үүний сацуу нөхцөл байдал эцэстээ хяналтаас гарах вий хэмээн эмээж, Австрали, Өмнөд Солонгос, Ирак, Израил зэрэг улсын эрх баригч иргэдээ Украины нутаг дэвсгэрээс аль болох хурдан гарахыг уриалав. Өнгөрсөн зун Афганистанд болсон шиг цэргийн яаралтай нүүлгэн шилжүүлэлт хийх боломжгүйг тэд анхааруулж байна. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский худал мэдээллээс зайлсхийхийг уриалжээ.
ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден нар утсаар цаг гаруй ярилцав. Тэд тэнцвэртэй, ажил хэрэгч яриа өрнүүлсэн гэж Оросын удирдагчийн туслах Юрий Ушаков мэдээллээ. Гэхдээ энэ удаагийн яриа хэлэлцээ ОХУ Украин руу гарцаагүй халдана гэх Америкийн албаныхны урьд өмнө байгаагүй хийрхлийн уур амьсгалд болсон гэж тэрбээр хэлжээ. Америкчууд нөхцөл байдлыг зохиомлоор хурцатгаж, халдлага болох өдрийг хүртэл товлож байгаагийн сацуу холбоотнуудын хамт Украины цэргийн хүчийг хөөрөгдөж байна гэж Ю.Ушаков онцлон тэмдэглэв.
Харин Москва, Вашингтон, НАТО-гийн харилцааны хөгжлийн түүхийн талаар В.Путин сануулжээ. “Утсаар ярихдаа В.Путин тус хоёр том гүрэн өрсөлдөгч хэвээр байгаа ч тогтвортой, аюулгүй байдлаа хангахын тулд бүхнийг хийх ёстойг тэмдэглэсэн. Украин Улс Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тал дээр Өрнөдийн орнууд хүчин чармайлт гаргахгүй байгааг Оросын удирдагч онцолсон. Москва Украины эргэн тойрны өнөөгийн нөхцөл байдал хамгийн муу хувилбараар даамжрахаас зайлсхийхийн тулд боломжтой бүхнийг хийхийг уриалж байна” гэж Ю.Ушаков мэдэгджээ.
Тэгвэл Украин руу халдсан тохиолдолд АНУ холбоотон, түншүүдийн хамт шийдвэртэй хариу арга хэмжээ авна гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч ОХУ-ын удирдагчтай утсаар ярихдаа мэдэгдсэнийг Цагаан ордон уламжлав. Мөн ОХУ-ын тэргүүн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой дахин утсаар ярьж, Украиныг тойрсон хямралыг 40 минут хэлэлцжээ. Э.Макрон В.Путинтэй ярьсныхаа дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй холбогдсоныг түүний Тамгын газраас мэдээлсэн байна. Тэрчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар утсаар ярьсан аж.
Т.Блинкен Украиныг тойрсон хямралын талаар хэлэлцэхээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд руу утсаар ярьсан гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ. Үүний дараа Пентагон хоёр орны Батлан хамгаалахын сайд нар утсаар ярьсныг мэдээлсэн байна. Тэд Крым болон Украины эргэн тойронд ОХУ цэргийн хүчээ зузаатгаж байгаа асуудлыг хэлэлцжээ.
Ташрамд дурдахад, манай улсын Гадаад харилцааны яамнаас мэдээлснээр Украинд 20 монгол иргэн байнга оршин суудаг. Мөн энэ хичээлийн жилд 68 монгол оюутан Украинд суралцаж буйгаас зургаа нь хичээлээ цахимаар үзэж байгаа гэнэ. Варшав дахь Элчин сайдын яам болон Украин дахь өргөмжит консулаараа дамжуулан тэдгээр иргэнтэй байнга холбоотой байж, мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа гэж ГХЯ-наас мэдээлсэн юм.