Дэлхийн зах зээлд нефть, металл, үр тариа болон бусад үндсэн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сарын эцсийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс дунджаар 46 хувиар өссөн байна. Энэ нь 1995 оноос хойших хамгийн их өсөлт болсныг Японы эдийн засгийн тэргүүлэгч “Nikkei” сонин мэргэжилтнүүдийн тооцооллоос эш татан мэдээлэв.
Үнийн өсөлт нь дэлхийн бизнесийн орчин сайжирч, тэргүүлэгч хэд хэдэн оронд цар тахлын нөхцөл байдал дээрдэж байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн эрэлт огцом нэмэгдсэнээс үүдэлтэй гэнэ. Мөн манай гаргийн хэд хэдэн бүс нутгийн тогтворгүй нөхцөл байдлын улмаас нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол үнэ өсөхөд нөлөөлжээ.
Гол нэрийн 22 бараа, хүнсний бүтээгдэхүүнээс есийнх нь үнэ нэг жилийн хугацаанд 50 гаруй хувиар өссөн байна. Тодруулбал, кофены үнэ 91, хөвөнгийнх 58, хөнгөн цагааных 53 хувиар нэмэгдсэн аж. Украины эргэн тойронд болж буй үйл явдлын хүчтэй нөлөө ч байгалийн хий улам үнэтэй болоход хүргэж байгааг “Nik¬kei” онцолжээ.
Үнийн өсөлт нь коронавирусийн цар тахалд нэрвэгдсэн дэлхийн эдийн засгийг сэргэхэд саад болж байна. Олон улсын валютын сангийн тооцоогоор эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдийн үнийн өртөг өндөр байгаа нь энэ онд манай гаргийн эдийн засгийн өсөлтийн хурдыг 0.5 пунктээр бууруулж болзошгүй юм.