Мьянмараас нийлүүлэлт саатсан, цахилгаан автомашины үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа зэргээс шалтгаалан Хятад улс ховор металлын хомсдолд оржээ. “Global times” сонинд мэдээлснээр Хятадад энэ түүхий эдийн үнэ өнгөрсөн сард өмнөх оны мөн үеийнхээс 14 хувиар өссөн байна.
Албан ёсны статистик мэдээнээс үзвэл өнгөрсөн онд Хятадад цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт 181 хувиар нэмэгдэж, 3.3 сая гаруй ширхэгт хүрчээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус улсын аж үйлдвэрийн тэргүүлэх хэд хэдэн компани өндөр технологийн салбарыг түүхий эдээр тогтвортой хангах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр төрийн өмчит Хятадын ховор металлын корпорац байгуулсан юм. Энэ корпорац нийт хувьцааных нь 31 орчим хувийг эзэмшдэг Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт, удирдлагын хорооны хяналтад байдаг төв аж ахуйн нэгж аж.