Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины удирдагч Владимир Зеленскийтэй Киевт уулзлаа. Хоёр улсын Төрийн тэргүүн нар Украины зүүн нутагт болж буй мөргөлдөөний талаар ярилцаж, хамтран ажиллах, тэр дундаа 1.2 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр тохиролцжээ. Сүүлийн 24 сард анх удаа Францын Ерөнхийлөгч Киевт айлчилж байгаа нь энэ юм. Санхүүгийн тусламжаас гадна Францын компаниуд Украинд батлан хамгаалах салбараа шинэчлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Тус улсын төмөр замын компани Францаас шинэ зүтгүүр худалдаж авсан байна. “Санхүүгийн тусламж нь эдийн засгийн тогтвортой байдлаа хангах хүчтэй алхам юм” гэж Украины удирдагч хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Мөн тэрбээр Нормандын дөрвөлийн улс төрийн зөвлөхүүдийн түвшний уулзалтад найдлага тавьж буйгаа илэрхийлээд, “Донбассын байдлыг эв зүйгээр зохицуулах үйл явцад Франц дэмжлэг үзүүлж буйд бид маш их талархаж байна. Украин болон Европт тулгарч буй сорилтуудын талаар Францын Ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай байгаа” гэжээ.
Э.Макрон сөргөлдөгч хоёр талд тайван байхыг уриалав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины удирдагч В.Зеленский нартай уулзсаны дараа Украины нөхцөл байдлын талаарх хэлэлцээ урагшлах боломжтой бөгөөд Орос, Өрнөдийн орнууд хоорондын хурцадмал байдлыг намжаах бодитой шийдэл бий гэж тэрбээр мэдэгджээ. Украиныг Минскийн хэлэлцээрийг биелүүлэхийг В.Путин уриалаад, “Таалагдсан ч, таалагдаагүй ч тэвчээртэй байгаарай, хонгор минь” гэж хэлснийг тайлбарлахыг В.Зеленскийгээс сэтгүүлчид хүсжээ. Хариуд нь Украины Ерөнхийлөгч оросоор “Энэ мөргөлдөөнд украинчуудын тэвчээрээс үнэхээр их зүйл шалтгаална” гэв.