БНАСАУ өнгөрсөн онд цөмийн зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлсээр байсан бөгөөд криптовалютын биржүүдийг чиглэсэн кибер халдлага нь орлогынх нь чухал эх үүсвэр хэвээр байгаа тухай НҮБ-ын тайланд дурдсаныг “Reuters” агентлаг уламжиллаа.
Ажиглагчдын бэлтгэсэн тайланг энэ сарын 4-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-д хориг арга хэмжээ авах асуудал эрхэлсэн хороонд танилцуулжээ. Хэдийгээр цөмийн туршилт, тив хоорондын баллистик пуужин харвасан тухай мэдээлэл гараагүй ч БНАСАУ цөмийн задрах материал үйлдвэрлэх боломжоо хөгжүүлсээр байгааг шинжээчид тэмдэглэсэн байна. Тэрчлэн Пёньян цөмийн болон баллистик пуужингийн дэд бүтцээ урьдын адил хөгжүүлсээр байгаагийн сацуу эдгээр хөтөлбөртөө зориулж цахим арга хэрэгсэл, шинжлэх ухааны хамтарсан судалгаагаар дамжуулан хилийн чанадаас материал, технологи, туршлага эрэн хайж буй гэнэ. Мөн Пёньян пуужингийн туршилтаа мэдэгдэхүйц түргэтгэсэн гэж тайлан гаргагчид үзэж байна. Умард Солонгосын хакерууд кибер халдлага үйлдэх замаар 2020-2021 оны дунд үе хүртэл Хойд Америк, Европ, Ази дахь криптовалютын гурван биржээс 50 гаруй сая ам.доллар хулгайлсан гэж уг баримт бичигт дурджээ. Үүний сацуу Пёньян цар тахалтай холбогдуулан хилээ хаах шийдвэр гаргасны улмаас тус улсын хүмүүнлэгийн байдал улам дордсоор буйг НҮБ-ын тайланд тэмдэглэсэн аж.