Коронавирусийн хязгаарлалтыг эсэргүүцсэн холын тээврийн жолооч нарын жагсаалын улмаас Канадын Оттава хотын захиргаа онц байдал зарласныг CBC телевиз уламжлав. Энэ нь эсэргүүцлийн ажиллагаа хотын оршин суугчдын аюулгүй байдалд заналхийлж, эрх баригчдаас дэмжлэг үзүүлэх шаардлагатай болсныг харуулж буй аж.
Нөхцөл байдал Оттавагийн эрх баригчид болон цагдаагийнхны хяналтаас гарсныг тус хотын дарга Жим Ватсон урьд нь мэдэгдсэн. Энэ сарын 5-нд Цагдаагийн газрын дарга Питер Слолей жагсаалыг зогсооход хүч хүрэлцэхгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. Өнгөрсөн бямба гарагт тус хотын оршин суугчид болон бусад хотоос ирсэн хүмүүс нэгдсэнээр жагсагчдын тоо 5000-д хүрсэн байна. Тэд цар тахалтай холбогдуулан тогтоосон бүх хязгаарлалтыг цуцлахыг эрх баригчдаасаа шаардаж буй юм. Коронавирусийн халдвар авсан, аюулгүй байдлын үүднээс нийслэл дэх өргөөгөө орхисон, Канадын Ерөнхий сайд Жастан Трюдо жагсагчидтай хэлэлцээ хийхгүй гэдгээ мэдэгджээ.