Цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлж, гурван настнуудыг хамруулах болсон талаар БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрбээр, "Хоёр настай хүүхдүүд нь гурван настай анги руугаа шилжээд байгаа учраас бүртгэх шаардлагагүйгээр орсон хүүхдүүд цэцэрлэгтээ хамрагдана. Хоёр настайдаа бүртгэлээс гадуур үлдсэн хүүхдүүдэд шинэ бүртгэлийн асуудал үүсэж байгаа. Энэ нэлээд асуудал дагуулсан зүйл болно. Шинээр үйл ажиллагаанд орсон цэцэрлэгүүд дээр энэ хүүхдүүдийн бүртгэлийг хийнэ.
Гурван насныхан дунд 100 хувийн хамрагдалт хийж чадахгүй. Учир нь Монгол Улсын хэмжээнд гурван настай 76,763 мянган хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх боловсролын түвшинд 61 хувийг хамруулах л боломж байна. Энэ нь 47 мянган гурван настай хүүхдийг хамруулах боломжтой гэсэн үг. Төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжийг нэлээд шахна. Аль болох олон хүүхэд хамруулахын тулд хувийн цэцэрлэгүүдийн багтаамжийг судалж байна. 3 болон 2 настнуудыг цэцэрлэгт хамруулахын тулд хувийн цэцэрлэгүүдийнхээ багтаамжийг 100 хувь ашиглах чиглэлд анхаарлаа хандуулна.
Сургуулийн өмнөх боловсрол дээр бид маш сайн анхааран ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, 3 настай хүүхдүүдийн хамрагдалтыг 61 хувь, 4 настай хүүхдийн хамрагдалтыг 86 хувь, 5 настай хүүхдийн хамрагдалтыг 100 хувь болгох зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар таван настай хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдаж байгаа байдал 91 хувьтай гэсэн судалгаа гарсан" гэлээ.