Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Ерөнхийлөгч Феликс Цисекеди даргалж буй Африкийн холбооны 35 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Этиопын нийслэл Аддис-Абеба хотод болж байна. Африкийн олон орны төр, засгийн тэргүүн нар оролцсон уг хурлыг нээж тус холбооны комиссын дарга Муса Факи Махамат үг хэлэхдээ “Коронавирусийн цар тахал эхэлснээс хойш анх удаа бид нүүр тулан уулзаж чадлаа. Дэлхийн орчин үеийн түүхэн дэх хамгийн хүнд цар тахлуудын нэгний дараа Африк нийгэм, эдийн засгаа сэргээх чухал зорилттой тулгарч байна” гэв.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь Африк тивийн хүнсний тогтвортой байдлыг дээшлүүлж, хүний нөөцийг нэмэгдүүлэн, нийгэм, эдийн засгаа хөгжүүлэх аж. Хүнсний аюулгүй байдлыг хангах нь Африк тивийн олон орны эрх баригчдын хамгийн чухал зорилтуудын нэг гэж Муса Факи Махамат тэмдэглэв. “Дэлхийн зөн” хүмүүнлэгийн байгууллагын мэдээлснээр өдгөө Африкт 300 сая хүн өлсгөлөн, хүнсний хомсдолд нэрвэгдээд байна.
Үүний сацуу тус уулзалтын үеэр аюулгүй байдал, терроризмтой тэмцэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн хаалттай хуралдаанаар сүүлийн жилүүдэд тус тивд байнга гарч байгаа цэргийн оролцоотой төрийн эргэлтүүдийг хэлэлцэх юм. Энэ нь юуны түрүүнд баруун Африкт хамаатай бөгөөд 2020 оны зунаас хойш цэргийнхэн Мали, Гвиней, Буркина-Фасо зэрэг улсад бослого гаргаж, төрийн эрхийг булаан авсан. Гвиней-Бисау улсад энэ сард төрийн эргэлт хийхийг оролдсоныг тус улсын сонгогдсон Ерөнхийлөгчид үнэнч тусгай хүчнийхэн дарсан билээ.
55 улсыг нэгтгэдэг тус холбоо нь Африкийн эв нэгдлийн байгууллагын оронд 2002 оны зун байгуулагдсан аж.