Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо аюулгүй байдлын үүднээс нийслэл дэх өргөөгөө гэр бүлийн хамт орхисон тухай CBC телевиз мэдээлэв. Оттава хотод Канадын холын тээврийн жолооч нар коронавирусийн улмаас тогтоосон хязгаарлалт, тэр дундаа АНУ-тай залгаа хил давж буй жолооч нараас дархлаажуулалтын паспорт шаардаж буйг эсэргүүцэн, томоохон хэмжээний жагсаал зохион байгуулжээ. Үүнд олон мянган жолоочоос гадна жирийн иргэд оролцсон байна. Жагсагчдын тоо 10 мянга шахаж буй тухай цагдаагийнхан мэдээллээ. Жагсаалын үеэр хууль зөрчсөн тохиолдол гараагүй бөгөөд тайван болсон аж.