Беларусь руу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дүрвэсэн Польшийн цэрэг Эмиль Чечко Гаагийн шүүхэд ханджээ. “Би хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн. Өмгөөлөгч маань хэдийн Гаагийн шүүхэд өргөдлөө өгсөн. Үүнийг хүлээж авсан бөгөөд хэлэлцэх магадлал өндөр байна” гэж тэрбээр Беларусийн хүний эрхийн санаачилгын “Telegram” дахь сувгаар дамжуулан хийсэн дүрс бичлэгтээ дурджээ.
“Польшийн олон нийт хилийн нөхцөл байдлын талаар үнэнийг мэдэх эрхтэй. Би Польш, Беларусийн хил дээр цэрэг амиа алдсан, эсвэл өөрийн дүрвэсэн тухай төдийгүй хүмүүс амиа алдсан талаар ярьж байна. Польшийн ард түмэн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан, Беларусь, Польшийн хил дээрх нөхцөл байдлын тухай мэдээллийг авч байх хэрэгтэй” гэж Э.Чечко эх орон нэгтнүүддээ зөвлөжээ. “Польшийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарч буй мэдээлэл ихэвчлэн худал” гэж тэрбээр хэллээ.
Польшийн мэдээллийн агентлаг энэ сарын 27-нд Беларусьтай залгаа хил дээр цэрэг нь амь үрэгдсэн тухай мэдээлсэн.
Польшийн Зэвсэгт хүчний Померийн механикжсан 16 дугаар дивизийн цэрэг Эмиль Чечко өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд Беларусийн хил рүү нэвтэрч, цагаачдын талаар Польшийн баримталж буй хатуу бодлоготой санал нийлээгүй тул Беларусь улсаас орогнох эрх хүссэн юм. Польшийн Зэвсэгт хүчин Э.Чечког оргосон хэрэгт буруутгажээ. Өнгөрсөн оны сүүлчээр тэрбээр ээжийгээ доромжилсон хэргээр зургаан сарын хорих ял шийтгүүлсэн гэнэ. Э.Чечко Беларусийн мөрдөн байцаагчдад хил дээр 240 гаруй дүрвэгчийг хөнөөсөн хэргийн талаар ярьсан билээ.