Хаитигийн өмнөд нутагт газар хөдөлсний улмаас хоёр иргэн амиа алдаж, 52 хүн гэмтсэн байна. Тус улсын “Juno-7” цахим хуудсанд мэдээлснээр гамшгийн улмаас 191 барилга эвдэрч, 664-т нь ноцтой хагарал үүссэн гэнэ. 800 гаруй гэр бүл орон гэргүй болжээ.
Өмнөд нутгийн 35 мянга орчим хүн амтай Ансе-а-Вакс мужаас гурван км зайтай 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд голомт нь 10 км-ийн гүнд байжээ. Дараа нь 30 мянга орчим хүн амтай Пети-Ривьер-де-Ниппе тосгоноос дөрвөн км зайтай газар 5.1 магнитудын хүчтэй хөдөлсөн байна.