Тонгагийн ойролцоо Номхон далайд цунами үүсгэсэн, усан доорх Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уулын дэлбэрэлт нь Японы Хирошимад хаясан атомын бөмбөгийнхөөс хэдэн зуу дахин хүчтэй гэж НАСА мэдэгдэв. Номхон далайн өмнөд хэсэгт учирсан хохирлоос үүдэн судлаачид тийм дүгнэлт хийжээ. Уг галт уултай ижил нэртэй арлын нэлээд хэсэг нь бараг алга болсон гэнэ. Дэлбэрэлтээс өмнө энэ нь хүнгүй хоёр арлаас бүрддэг байсан бөгөөд 2014 оноос хойш тэдгээрийн хооронд үүссэн галт уулын сувгийн ачаар нэг арал болсон байжээ. Одоо НАСА-гийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дунд холбоос бүрэн эвдэрсэн бөгөөд хуучин хоёр арлаас зөвхөн жижиг хэсгүүд л үлдсэн гэнэ. Номхон далайн хүн ам суурьшсан арлуудаас Тонга улс оршдог арал байгалийн гамшигт хамгийн их өртсөн. НҮБ-ын тооцоогоор энэ арал улсын оршин суугчдын 80 орчим хувь нь галт уулын дэлбэрэлт, түүнээс үүдэлтэй цунамигийн үр дагаврыг амссан байна. Гурван хүний амь эрсэдсэн. Нийслэл Нукуалофа нь 1.2 метр өндөр давлагаанд цохигдсон билээ.