Европын эрчим хүчний хямрал нь эдийн засгийн асуудлаас улс төрийн асуудал болсон. Өрнөдийн орнууд Оросыг хийн дайн дэгдээж байна хэмээн илт буруушааж буй бол Кремль үүнийг няцаан, Европыг нөлөөллийн бүсэд хувааж, хийн зах зээлийн тоглоомын дүрмийг шинэчлэхийг шаарджээ. Европын орнууд хүн ам, аж үйлдвэрээ аврах хагас цэрэгжүүлсэн төлөвлөгөө бэлтгэж байгаа бол АНУ өөрийн хэт өндөр үнэтэй хийгээр Оросынхыг орлуулахдаа баяртай байна.
Дэлхийн түлшний хямрал өнгөрсөн оны намраас эхэлсэн бөгөөд өдгөө өвлийн дунд үед байдал улам бүр дордов. Хий хомсдож, бас үнэтэй болж. Эрчим хүчний нөөцийн хомсдол Европт хурцдаж, хүн ам, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, хийн төлбөр эрс нэмэгдсэн гэнэ. Коронавирус, цаг агаар гэсэн түр зуурын хоёр асуудлаас гадна эрчим хүчний зах зээлийн өрсөлдөөн, Орос, Европ хоорондын үзэл суртлын санал зөрөлдөөнтэй холбоотой аж.
ОХУ Европын байгалийн хийн хэрэгцээний гуравны нэгийг хангадаг уламжлалтай ч өнгөрсөн оны намраас нийлүүлэлтээ эрс багасгасан. Энэ сарын дунд үе хүртэл Өрнөдийн орнууд хийн дайнд Кремлийг шууд буруутгахаас зайлсхийсэн ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тулгасан шаардлага тавьж, Орос Украин руу халдах аюултай болсон нь Европын эрчим хүчний хямралын шалтгаан болов.
Шинэ жилийн баярын үеэр Европын агуулахуудын нөөц түүхэн доод, үнэ нь түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Тиймээс өндөр үнэтэй хийг нийлүүлэгчдээс, тэр дундаа АНУ-аас аль хэдийн татаад байна. Мөн Ойрхи Дорнодынхон болон Хятад улс Европт хий нийлүүлэх болсон ч энэ нь Оросынхыг орлохгүй гэнэ.
Одоо Орос, Украины хилийн түгшүүртэй байдал намжаагүй төдийгүй хэдэн мянган цэрэг, их хэмжээний байлдааны техник, хэрэгсэл тэнд төвлөрч байна. АНУ, Австрали, Герман, Британи дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийг Киевээс гаргаж эхэлжээ. Москва, Вашингтон, тэр дундаа Украины оролцоотой хэлэлцээ тодорхой үр дүнд хүрсэнгүй. АНУ-ын Төрийн департаментаас Украинд байгаа иргэддээ тус улсаас нэн даруй гарах боломжийг судлахыг зөвлөсөн аж. АНУ-аас Украинд 200 сая долларын зэвсэг өнгөрсөн ням гарагт нийлүүлсэн. Харин Европын Холбооны Аюулгүй байдал, гадаад хэрэг хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель дипломат ажилтнуудаа Украинаас гаргах бодолгүй байгаагаа мэдэгджээ. Тэрбээр байдлыг дэвэргэхгүй байхыг уриалаад, АНУ-аас яагаад тийм алхам хийх болсныг тодруулахаа амласан байна.
ОХУ өнгөрсөн оны эцсээр хил орчмын бүс рүүгээ 100 мянган цэрэг татсан нь ойрын хугацаанд хоёр дахин нэмэгдэж болзошгүй тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Мөн Оросын десантын зургаан том хөлөг онгоц Балтын тэнгисээс Крымийн чиглэлд явсныг Шведийн БХЯ-наас мэдээлсэн аж. Мөн НАТО ч Зүүн Европ дахь хүчээ зузаатгасаар буй.
Оросын шаардлагын хариуг Америкийн тал энэ сарын 30 гэхэд бичгээр өгөхөө амласан бол НАТО ирэх сарын эхээр саналаа боловсруулж, үүний дараа дахин уулзалт хийхээр төлөвлөж байна.