Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтан, удирдах албан тушаалтнууд эрүүгийн хэрэгт холбогдон хууль сахиулах байгууллагад шалгуулах явдал эрс нэмэгдсэн. Зарим нь шүүхээр ял шийтгүүлж буй. Тухайлбал, ЭМЯ-нд эрх бүхий албан тушаал хашиж байсан Н.Чимэдлхам, Б.Болорчимэг, шинжээч эмч Ү.Отгонбаатар тэргүүтэй хүмүүст Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ял шийтгэсэн. ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, тус төвийн эрх бүхий албан тушаалтнууд, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Я.Амаржаргал гээд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдон шалгуулж буй эмч нар цөөнгүй. Хамгийн сүүлд гэхэд НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг тус газраас зарлаж буй тендер, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг оруулан, сонгон шалгаруулалтад нөлөөлж, хамаарал бүхий компаниа шалгаруулах чиглэл өгсөн гэх үндэслэлээр АТГ-т хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар бид энэ сарын 3-ны дугаартаа мэдээлсэн билээ.
Тэгвэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн (ГССҮТ)-ийн нэгэн эмч бусдаас хахууль авсан хэрэгт холбогдон прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлээд байна. Тус төвийн Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн I тасгийн их эмч С.Галтыг Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-т шалгасан аж. Тэрбээр 2018 оны тавдугаар сард хөлөө гэмтээн мэс засалд орсон иргэн М-ээс хагас сая төгрөг ХААН банкныхаа дансаар авсан гэнэ. Улмаар тухайн иргэн хоёр жилийн дараа хөлнийхөө ясыг хадсан хадаасыг авхуулахаар очиход нэмж 300 мянган төгрөг авсан хэрэгт холбогдсон юм байна. Хэдийгээр энэ хэрэг өчүүхэн дүнтэй мэт харагдаж, АТГ-ынхныг тул бус, жараахай барилаа гэж буруутгах шалтаг болох биз. Гэхдээ авлигын хэрэг маш өчүүхэн гэлтгүй үргэлж гай дагуулж байдаг.
Эмч нар хууль, дүрэм мөрдөх, өргөсөн тангарагтаа үнэнч байх зарчимтай билээ. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд заасан “Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад ашиг сонирхлын үүднээс төлбөр авах, өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, санал болгох, эмчээ сонгоход нөлөөлөхгүй, шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх гэж заасан. Мөн эмнэлгийн мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үйлчлүүлэгчээс авлига, хандив, албан бус төлбөр авахгүй, хууль тогтоомжид зааснаас бусад төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх дүрэмтэй атал эмч нар их, бага хэмжээгээр хахууль, “гарын бэлэг” авч хэвшсэний илрэл нь дээрх эмчийн үйлдэл. ГССҮТ-ийн их эмч С.Галтад холбогдох хэргийг энэ сарын 11-нд шүүхэд шилжүүлээд буй бөгөөд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хавтаст хэрэгтэй танилцаад хурлыг хэзээ хийхээ хараахан товлоогүй байна.
“ЭМ БИ ЖИ МЕД” ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГЫГ ДАХИН ШАЛГУУЛАХААР БОЛСОН НЬ ХУУЛЬД НИЙЦСЭН ГЭЖЭЭ
Эмч нартай холбоотой өөр нэгэн хэргийн талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлж байв. Тодруулбал, ГССҮТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан, дараа нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Би Эс мед” ХХК буюу “Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асан Д.Мөнхбат болон дээрх хоёр эмнэлэгт хамт ажилласан эмч Д.Баасанжав нарт холбогдох мөнгө угаасан, бусдын хөрөнгийг завшсан гэх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх саяхан хянасан юм. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2021 оны арваннэгдүгээр сард хэлэлцээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, уг хоёр эмчийг цагдан хорьсон билээ. Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг НПГ-ын хяналтын прокурорууд, хохирогч нар эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн хохирогч БНСУ-ын иргэний өмгөөлөгчийн гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцээд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, үндэслэлтэй гэж дүгнэсэн аж.
Д.Мөнхбат эмч “Эм Би Эс мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад БНСУ-ын хөрөнгө оруулагч “Ириүм” компанийн захирал Ким Бү Собын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн атлаа компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр, төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй MRI, компьютерт томограф зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогдсон. Улмаар хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжавтай нийлж уг завшсан тоног төхөөрөмжийг өөрсдийн байгуулсан “Эм Би Жи мед” компанийн хөрөнгө мэтээр бүртгэж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан үндэслэлээр шүүгдэгчийн ширээнд суусан билээ. НПГ-аас дээрх хоёр эмчид Эрүүгийн хуулийн 17.4-2.2-т заасан “их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хоёр хүн БНСУ-ын хөрөнгө оруулагчаасаа завшсан тоног төхөөрөмжүүдээ Худалдаа хөгжлийн банканд барьцаанд тавьж 4.9 тэрбум төгрөг зээлж, мөнгө угаасныг мөрдөгчид тогтоосон байдаг.