“Үндсэн хууль ба хэвлэн нийтлэх эрх чөлөө-30 жил” хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэ хэлэлцүүлгийн үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл зүйн ухааны доктор Б.Галааридын тавьсан илтгэлийг уншигчдадаа хүргэж байна.
Ардчилсан сэтгүүл зүйн өчигдрийг та бид сайн мэднэ. Яагаад гэвэл та бидний ихэнх хамтдаа туулж бүтээсэн түүхэн зурвас үе. Тийм болохоор цаг хэмнэх үүднээс ололт амжилт, сайн жишээг орхиод, бид юун дээрээ алдав гэдэгт анхаарал хандуулахыг хичээе.
1980-аад оны дунд үеэс Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын нийтлэлийн бодлогод гарч эхэлсэн өөрчлөлтийг “зөөлөн хувьсгал” гэж судлаач Д.Болд-Эрдэнэ тодорхойлсон. 1990 оны ардчилсан хувьсгал иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, түүний нэг гол тавцан болох хэвлэлийн эрх чөлөө хангагдах суурь нөхцөлийг бүрдүүлсэн. 1992 оны Монгол Улсын Үндсэн хууль иргэний нийгмийн эрх чөлөөний а) эдийн засаг, б) нийгэм, в) улс төрийн эрх чөлөөний орчныг дээд хуулиараа баталгаажуулсан. Үүнийг 1924 оны Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 3.7 дугаар зүйлд “Элдэв хэргийг жинхэнэ ард түмнээр шүүмжлэх эрхийг хүндэтгэж, тус улсаас аливаа хэвлэх, нийтлэх явдлыг бүрэн гүйцэтгүүлбэл зохино” гэж тунхагласны залгамж гэж үзэж болно. Үүнээс нааших 30 жилийн түүх бол та бидний ойлгож, ярьж хэвшсэнээр ардчилсан сэтгүүл зүйн өчигдрийн түүх. Энэ зурвас үеийн ололтыг тоочно гэвэл урт жагсаалт гарна. Харин алдаа нь юу байв. Юунаас болов. Сүүлийнхээс эхэлье. Алдаа гарах хоёр үндсэн шалтгаан байжээ.
Нэгдүгээрт, сэтгүүл зүйг ардчилах үйл явцыг бид бүтэн зургаар нь харж зорилго, зорилтоо зөв тодорхойлж чадаагүй, суурь өөрчлөлтөө дутуу хийснээс 30 жилийн хичээл зүтгэл маань санасан үр дүнд хүрч чадсангүй.
Хоёрдугаарт, бидний сонгож хэрэгжүүлсэн хэвлэлийн эрх чөлөөний онол буюу либератари онол Монголын нөхцөлд идээшин зохицохдоо мутацад орж “монголчлогдсон” байна.
Үндсэн хоёр шалтгаан, тэдгээрээс урган гарсан үр дагаврыг товч авч үзье.
Сэтгүүл зүйг бид мэргэжлийн явцуу хүрээнд ойлгож, тэрхүү хязгаарлагдмал хүрээн дотроо ардчилах гэж оролдсон нь алдаа байжээ. Дэлхий үзэл суртлын хоёр туйлд хуваагдсан хүйтэн дайны үеийн сэтгэхүйгээр 1990-ээд оны эхний хагаст бид асуудалд хандаж, өмнө нь гарч байсан хэвлэлүүдээ коммунист, шинээр бий болсон хэвлэлүүдээ ардчилсан гэж нэрлээд, сэтгүүлчдээ ч мөн тэр өнцгөөс ангилан хувааж, сэтгүүлчдийн байгууллага нь ч мөн энэ зарчмаар хуваагдан бутарсан. Сэтгүүл зүйг улаан, цэнхэр өнгөөр ялгаж будах энэ оролдлого өөрөө том алдаа байв. Сэтгүүл зүйг ардчилах үйл явцыг та бид бие биедээ өнгө будгаар нэр хоч өгөх, сэтгүүлчдийг хувь хүнийх нь үзэл бодол, итгэл үнэмшлээр ангилан ялгалт хийх үйл явц болгон хувиргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бодлого агуулгад тэр нь тусгалаа олдог байв. Монгол хүн өмсөхөд биед эвтэйхэн, эсэх, цаг улирлын байдалд тохирсон, эсэх, эдэлгээ хэр даах гээд хэрэглээ талыг нь тооцож байж дээл хувцсаа урладаг. Өнгө хоёрдугаар зэргийн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, өнгийг нь биш, дотрыг нь чухалчилдаг. Түүн лүгээ адилаар бид сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарынхаа нидэрт нь анхаарч чадаагүйгээс ихийг алджээ. Энэ санаагаа тодотгоё.
Сэтгүүл зүйг бид онолын түвшинд дутуу тодорхойлж, практикт буруу, дутуу хөгжүүлж ирлээ. Ардчилсан сэтгүүл зүй, хэвлэл гэх ойлголт байдаггүй, харин чөлөөт хэвлэл гэж ойлголт байдгийг, энэхүү чөлөөт хэвлэлийн орчин нь мэргэжлийн сэтгүүл зүйгээс илүү өргөн хүрээ, илүү олон хүчин зүйлийн уулзвар дээр оршдог, хөгждөг гэдгийг та бид харгалзан үзэж чадсангүй. Энэ бол дан ганц манай салбарын буруу биш. Энэ бол төрийн ч буруу, салбарынхны ч буруу. Яагаад? Яагаад гэвэл сэтгүүл зүй жамаараа хөгжинө гэдэг байр сууринаас Монголын төр асуудалд хандаж оролцоогоо хумьсан, оролцохоороо ихэнхдээ буруу газарт буруу чиг хандлагын үүднээс оролцдог болсон.
Сэтгүүл зүй бол дан ганц сэтгүүлчдийн талбар, сэтгүүлчдийн өмч биш юм. Сэтгүүл зүй бол зөвхөн сэтгүүлчид ч биш юм. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн салбар л гэж байна, сэтгүүл зүй хамаагүй гэх хандлага хүртэл тод илэрч байна. Харамсалтай нь энэ бол том эндүүрэл. Сэтгүүл зүй нь Сэтгүүлч мэргэжил-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл-Хэрэглэгч (уншигч, үзэгч, сонсогч) гэсэн тулгын гурван чулуун дээр тогтдог, эдгээрийн харилцаа нь зарим хэсэгтээ мэргэжлийн ёс зүйгээр, зарим хэсэгтээ хуулиар зохицуулагддаг орчин. Энэхүү гурван гол тулгуур тус бүрийн асуудлыг товч хөндье.
Мэргэжлийн сэтгүүл зүй: Сэтгүүлч гэдэг нэр үгийн язгуур нь сэтгэх. Сэтгэгч гэж хэлж ч болно. Энэ утгаараа монгол нэршил нь оновчтой. Бусад оронд бол ихэнхдээ сэтгүүл гэдэг үгээс улбаалсан байдаг. Сэтгүүлч хүн бусдаас илүү бодож сэтгэж, нийгмийн оюун санааны түүчээ нь байх гэсэн утга монгол нэршилд тод агуулагддаг. Аливаа мэдээ мэдээллийг мэргэжлийн түвшинд боловсруулж олон нийтэд хүргэх, мэргэжлийн түвшинд мөшгөж, нягталж тодруулж байж үнэн, бодит мэдээллийг олон нийтэд түгээхэд энэ мэргэжлийн онцлог оршино. Нэгэнт нийгмийн оюун санаанд нөлөөлөхүйц хэмжээний үйл ажиллагаа эрхэлдэг учраас дээд зэргийн ёс зүйтэй, нийгмийн хариуцлагаа дээд зэргээр ухамсарладаг байх шаардлага эн тэргүүнээ тавигддаг. Хувь сэтгүүлчийн ч, хэвлэл мэдээллийн байгууллагын ч мэргэжлийн үйл ажиллагаанд тавигддаг шаардлага ердөө л энэ. Энэ тал дээрээ Монголын сэтгүүл зүй өнгөрсөн 30 жилд асар том ухралт хийсэн. Шалтгаан нөхцөлийг хойно хэлье.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл: Техник, технологийн тал дээр өнгөрсөн 30 жилд ихээхэн хөгжсөн. Мэдээлэл олж авах, боловсруулах, түгээх боломж бололцоо нь төсөөлөөгүй хурдаар тэлсэн. Эдийн засгийн механизм нь чөлөөтэй болсон. Гэхдээ тоо, чанарын урвуу хамааралтай өөрчлөлт явагдсан. Хэмнэлтийн бодлогыг буруу хэрэгжүүлснээс олон чухал мэргэжлийг зах зээлээс шахаж, хэрэглэгчдийг хөтлөх биш, тэднийг дагасан бодлого явуулж эхэлсэн нь алдаа болсон.
Хэрэглэгч: Сэтгүүл зүйг ардчилах үйл явцыг хэрэгжүүлэхдээ анхнаасаа гурав дахь хэсэг буюу Хэрэглэгчийг орхигдуулж ирсэн нь бидний нэг том алдаа байжээ. Иргэдэд мэдээллийн цагаан толгойг заах, тэдэнд мэдээллийн боловсрол олгох асуудалд хэн ч анхаарал хандуулахгүй байсаар хорь, гучин жилийг алдсаны горыг Монголын нийгэм өнөөдөр амсаж байна. Уншигч, сонсогч, үзэгч гэсэн тодорхой сегменттэй байсан хэрэглэгчид технологи, зах зээлийн хөгжлөө дагаад өөрчлөгдсөн. Гадаад, дотоод хүчин зүйлийн улмаас сонголт ихтэй болсон. Мэдээллээр өлсөх биш, мэдээллээс залхах болсон. Хэрэгтэй мэдээллээ олж авахад хүндрэлтэй болсон. Бэлэнчилдэг болсон. Мэдээллийн боловсрол дутмаг. Анализ хийх чадвар суларсан. Олж байгаа нь их ч алдаж байгаа нь бас их байна.
Одоо Монголын сэтгүүл зүйн алдаанд нөлөөлсөн хоёр дахь том хүчин зүйл буюу хэвлэлийн эрх чөлөөний онолын тухай товч өгүүлье. Дэлхийн бараг бүх ардчилсан оронд хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэлийн либератари үзэл буюу чөлөөт хэвлэлийн онол үзэл бодлын чөлөөт зах зээлийг гол уриагаа болгодог. Хувь хүн юу хүссэнээ, бүр худлыг ч хэвлэн нийтэлж, мэдээлж болно гэдэг үзэл санаанд тулгуурладаг энэ онолыг Мильтон, Локк нар XVII зуунд үндэслэж, XVIII зуунд хэрэгжиж эхэлснийг та бид бүгдээрээ мэднэ. Чөлөөт хэвлэлийн тухай барууны энэ үзэл баримтлал нь сул дорой хөгжилтэй улс орнуудад нутагшихад ихээхэн хүндрэлтэй гэдгийг 1950-иад оны дундуур Фред Сиберт тэргүүтэй судлаачид анхааруулсан байдаг. Харамсалтай нь, чөлөөт хэвлэлийн тогтолцоо хөгжиж эхэлсэн 1990- ээд оны үед энэхүү онолыг хэрэгжүүлснээр ёс суртахууны хохирол нийгмээрээ амсаж болзошгүй учраас мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг тодорхой болгож, хууль, эрх зүйн урьдчилан хамгаалах зохицуулалтыг сайтар хийх ёстойг монголчууд ойлгоогүй нь алдаа болсон. Бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл хувийнх байх ёстой, чөлөөт зах зээлийн өрсөлдөөний зарчмаар хөгжих ёстой, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд төрийн оролцоо бага байх тусам сайн гэсэн ерөнхий ойлголттой, үүнийг л хийчихвэл чөлөөт хэвлэл аяндаа хөгжчихнө гэсэн өөдрөг хүлээлт зарим талаараа учир дутагдалтай байгаа нь хэрэглэгчид буюу олон нийт үүнд бэлэн бус байсан, улстөрчид, тэр бүү хэл сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан ч бэлэн бус байсан гэдэг нь өнөөдөр тодорхой харагдаж байна. Ингэж хэлснээрээ би чөлөөт хэвлэлийн үзэл санаанаас ухрахыг уриалаагүй. Алдаа, оноогоо дэнсэлж, хувь хүний эрх чөлөөг тэргүүнд тавьдаг либератари үзлийг баримтлах уу, нийтийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг эрх чөлөөний үзлийг чигээ болгох уу гэдгийг өнгөрсөн түүхийн 30 жилийн мөчлөгөө дүгнэж буй энэ мөчид эргэцүүлж нэг үзээсэй, алдаагаа засах боломжийг хамтдаа эрэлхийлж хэрэгжүүлэх сэн гэж л хүсэж байна.
Төр: Одоо би сэтгүүл зүй жамаараа хөгжинө гэдэг байр сууринаас Монголын төр өнгөрсөн 30 жилд асуудалд хандаж оролцоогоо хумьсан, оролцохоороо ихэнхдээ буруу газарт буруу чиг хандлагын үүднээс оролцдог болсон гэж өмнө хэлснээ тодотгоё. Өндөр хөгжилтэй улс орнуудын жишээг харахад иргэдээ мэдээллийн боловсролтой болгох тал дээр төр түлхүү анхаарч, хүчтэй бодлого хэрэгжүүлснээр иргэд нь хөгждөг, оролцоо хяналт нь нэмэгддэг, сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл нь хүчтэй байдаг. Тийм учраас сэтгүүл зүй судлалыг бодлогоор дэмжиж, иргэддээ бага наснаас нь мэдээллийн боловсрол олгох тал дээр нь дэмжлэг үзүүлдэг. Эхлээд хэвлэлийн эрх чөлөөг хуульчлан баталгаажуулаад, дараа нь зохицуулалтын хууль эрх зүйн актуудаа тус тусад нь гаргадаг нийтлэг жишигтэй байна. Манайд гарч байгаа Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөх санал, санаачилгын ихэнх нь энэхүү тулгуур хуульдаа зохицуулалтын механизмуудыг суулгах сонирхолтой байгаа нь анзаарагддаг. Энэ бол олон парламент дамжин ажиглагдаж байгаа үзэгдэл. Өөрөөр хэлбэл, ардчилсан тогтолцоо оршин байхын үндсэн гол механизм бол чөлөөт хэвлэл гэдгийг цөөхөн улстөрч ойлгож, олонх нь сөрөг хандлагатай байгаагийн илрэл юм. Энэ бол туйлын харамсалтай үзэгдэл. Ардчиллын амин сүнс болсон хэвлэлийн эрх чөлөөний мөн чанарыг ойлгохгүй байгаа учраас төрийн янз бүрийн шатны зарим албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, цензур тавих оролдлого гаргах нь сүүлийн үед нэлээд түгээмэл үзэгдэл болж эхэлсэн нь санаа зовох асуудал мөн.
Төр сэтгүүл зүйн хөгжлийн төлөө оролцох ёстой юмандаа оролцож, дэмжиж, хамтарч ажиллах нь хамгийн зөв гарц. Жишээ нь, хэвлэлийн дуулиан шуугиантай мэдээлэл, зугаацуулан цэнгүүлэх агуулгад илүү татагдамтгай байдаг нь хэрэглэгчийн мөн чанар. Үүний улмаас тулхтай хэвлэлүүдийн борлуулалт муудаж, эдийн засгийн чадавх нь сулардаг. Нийгэм, хүнд хэрэгтэй тустай, зайлшгүй хүргэвэл зохих мэдээлэл анхаарлын гадна орхигддог, борлуулалтгүй болдог. Үндэсний өв соёл, уламжлал, зан заншил зэрэг үндэсний эрх ашигтай холбоотой мэдлэг мэдээллүүд хойгуур эрэмбэлэгдэж, харь соёл, гадаадын зөөлөн хүчний бодлогод үндэстэн, ялангуяа залуу үе өртөн ондооших аюул байнга заналхийлдэг. Ийм нөхцөлд иргэддээ гарцаагүй хүргэх ёстой мэдлэг, мэдээллийг түгээхэд нь төрөөс бодлого, санхүүжилтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дэмжиж ёстой. Агуулгад төрөөс нөлөөлж байгаа хэрэг мөн үү, мөн. Гэхдээ нийтлэг эрх ашгийн үүднээс оролцож байгаа оролцоо учраас ийм хандлагыг бид бүгдээрээ дэмжих ёстой.
Сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, боловсон хүчнийг бэлтгэн гаргах, судалгаа шинжилгээ хийх ажлыг эн тэргүүнд дэмжих ёстой. Үүнд хөрөнгө мөнгө төсөвлөх, зарцуулах ёстой. Энэ бол урт удаан хугацааны дараа үр дүн нь гардаг, Монгол Улс, монголчуудад тустай, улс орныхоо ирээдүйг бодсон, үндэсний дархлаагаа хамгаалсан алхам. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ийм зорилгоор бий болгодог нь ирээдүйгээ боддог бүх улс орны жишиг. МҮОНРТ тусгай хуультай байдаг нь энэ л жишгийг хэрэгжүүлэх гэсэн нэг оролдлого. Зах хязгаар нутагт орхигдон мартагдахад хүрээд байгаа өв соёлыг сурталчлах, баримтжуулан үлдээхийн төлөө арилжааны телевизүүд тэр бүр мөнгө гаргахгүй. Түүний оронд үзэгчдийг байлдан дагуулах гадаадын контент худалдан авах, шоу нэвтрүүлэг бэлтгэх замаар рекламаас олох орлогоо нэмэхийг хичээнэ. Зах зээл учраас тэдний зөв. Төсвийн дэмжлэгтэй, тусгай хуультай олон нийтийн телевиз тэрхүү орхигдоод байгаа, тэгэхдээ Монголын эрх ашигт хэрэгтэй контентыг бэлдэх үүрэгтэй. Харамсалтай нь, цорын ганц олон нийтийн телевизийн батлагдсан төсвийн дэмжлэгийг дуртай дарга, сайд нь хасаж үйл ажиллагааг нь доголдуулдаг, улстөрчид Үндэсний зөвлөл, Захирлын зөвлөлд хөндлөнгөөс нөлөөлж, тэг ингэ гэж зааж зааварлахыг оролдох үзэгдэл АН-ын үед байсан, МАН-ын үед ч байна. Үүнийг төр биш, төрийн нэр барьсан хэсэг бүлэг улстөрч хийж байгааг ойлгож байна. Гэхдээ л төрийн буруу оролцооны жишээ мөн үү гэвэл мөн.
Сэтгүүл зүйн ирээдүй: Иргэний сэтгүүл зүй хөгжиж байгаа нь сайн хэрэг. Технологийн дэвшил иргэн бүрт мэдээлэл түгээх боломж олгож байна. Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбар ч энэхүү боломжийн үр өгөөжийг адилхан хүртэж байна. Ирээдүйн хөгжил шинжлэх ухаан, технологийн ололтоос асар ихээр хамаарах учраас урьдчилан тодорхойлоход улам хэцүү болж байна. Гэхдээ технологи яаж хөгжсөн ч, мэдээлэл түгээх үйл явц яаж өөрчлөгдсөн ч гэсэн хэвлэлийн эрх чөлөөний үзэл санаа, ач холбогдол хувиршгүй тогтвортой оршсоор байх болно. Иймд бид Монголын сэтгүүл зүйн маргаашийг өнөөдөр төлөвлөж, суурийг нь зөв тавьж өгөх ёстой. Энэ бол энэ цаг үеийнхний ирээдүйн өмнө хүлээх үүрэг. Өнөөдөр хийж байгаа бүхэн маргаашийн угтал. Илүү сайхан маргаашийг бий болгохын тулд өнөөдөр баримтлах бодлого, хийх ажлын талаар хэдэн санаа хэлье.
- Төр, сэтгүүл зүйн харилцааг тодор-
хой болгоё. Төр, хэвлэл хоёрыг эсрэгцүүлэх хандлага буруу. Төр, хэвлэл хоёрыг эвцэлдүүлэх хандлага ч бас буруу. Төр нь нээлттэй тунгалаг, хам-
тарч ажилладаг, дэмждэг, аль аль нь шударга бусыг үл тэвчдэг байж, иргэдээ ч тийм соёлд сургая. - Чөлөөт хэвлэл бол ардчиллын
ба талгаа гэдэг суурь зарчмаасаа аль
аль нь хазайхгүй байх хууль, эрх
зүйн орчноо баталгаажуулж, аль аль нь түүнийгээ дагаж хэрэгжүүлье. - Эрх ашгийн эрэмбийг нэг мөр тодорхойлж тогтоон, түүнийгээ хатуу
мөрдье. Үндэсний язгуур эрх ашиг, нийтийн эрх ашгийг эн тэргүүнд тавья. - Мэдээллийн аюулгүй байдал бол
үндэсний аюулгүй байдал учраас мэдээллийн аюулгүй байдалд
хаа хаанаа онцгой анхааръя. Төрөөс
энэ чиглэлээр дэмжлэг үзүүлье. - Мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүү-
лэх талаар онцгой анхаарч, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлье.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл зүйн ухааны доктор Б.ГАЛААРИД