Т.Аюурсайхан нарын 20 гишүүн өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга тэргүүтэй төслийг өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн эхэнд санаачлагч гишүүн Т.Аюурсайхан төслөө танилцуулахдаа “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдвал зохих авто тээврийн хэрэгслийн тоо 2020 оны эцсийн байдлаар 900 мянга орчим байгаагаас 650 мянга нь даатгалд хамрагджээ. Зам, тээврийн осол гаргасан жолоочийн тоо 2020 онд 27 983 байгаа ба ослын тоо сүүлийн есөн жилийн хугацаанд энэ түвшинд байна. Энэ хуулийг хэрэгжүүлж, хохирогчид нөхөн төлбөр олгож эхэлсэн 2012-2020 онд 231 201 хүнд 121 сая төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчдын хураамжийн орлогоос олгожээ. Энэ хохирлыг ямар аргачлалаар, хэрхэн үнэлгээ хийх нэгдсэн журам ч алга. Осол гаргасан этгээд нийт даатгуулагчийн 4-5 хувийг эзэлж байна. Үүнээс харахад Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш осол, зөрчлийн тоо буураагүй нь уг хууль хариуцлагыг сайжруулах, ослоос урьдчилан сэргийлэх талаар дорвитой нөлөөлөл үзүүлээгүй байна” гээд даатгалын одоогийн тогтолцоог өөрчлөх үндэслэл болохыг онцолсон.
Нэг талаас даатгалын компаниуд, нөгөө талаас санаачлагч гишүүдийн байр суурийн зөрүү илт анзаарагдаж буй эл төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд ч харилцан адилгүй санал, шүүмжлэл хэлж байлаа. Тухайлбал, гишүүн Х.Ганхуяг “Хуулийн төслийн зорилгыг сайн ойлгосонгүй. Ослын тоог бууруулах гээд байгаа юм уу. Хувийн хэвшлийн даатгалын компани ашигтай ажиллаж болохгүй гэж үзээд байгаа юм уу. Ер нь сайн явж байгаа юмыг бусниулах хэрэг байна уу. 3-4 компани хувьцаа гаргаад, хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа. Үүний цаана хувьцаа эзэмшигчийн асуудал яригдана. Ер нь цаашдаа хувийн хэвшлийнхэн хийж, болгоод байгаа зүйлийг төрийн өмч рүү шилжүүлээд байх хэрэг үү. Сарын өмнө л манай төр, засгийн удирдлага хувийн хэвшлийн ажил рүү төр орохгүй гээд байсан биз дээ” гэхэд санаачлагч Т.Аюурсайхан “Хуулийн зорилго тодорхой. Та уншаад ойлгочих байх. Төслийг танилцуулахдаа ч тодорхой хэллээ. Жолооч нарын хохирлыг бодитой үнэлдэг болно. Одоо бол тийм биш байгаа. Өөрөөр хэлбэл, осол гаргалаа гэхэд хохирлыг бүрэн гүйцэд олгох юм. Ослын шалтгаан, “хар цэг”-үүд нь тодорхой байна. Ослын 98 хувь нь жолоочийн хариуцлагагүй үйлдлээс шалтгаалсан тухай судалгаа, статистик мэдээ сүүлийн 10 жилд өөрчлөгдөөгүй атал даатгуулагчийн хариуцлагыг өндөржүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэгдсэн арга хэмжээ аваагүй шүү дээ. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хувийн хэвшлийн, арилжааны даатгалын компаниуд эрхэлж байгаа нь хуулийн агуулга, мөн чанарыг алдагдуулж, нийгэмд үйлчлэх биш, ашиг олох хэрэгсэл болгоход хүрсэн. Энэ нь хохирогчдын эрх ашгийг хамгаалах Жолоочийн даатгалын тухай хуулийн үндсэн зорилтоос гажиж байна. Монгол Улсын бүх арилжааны даатгалын компани, тэдгээрийн аймаг дахь салбар, төлөөлөгчид болон зуучлагч, хохирол үнэлэх компаниудад нийт 3000 гаруй хүн энэ даатгалыг хийхэд оролцож, даатгуулагчдын төлөх хураамжийн орлогоос хувь хүртэж байгаа. Хуулиар иргэдээс албан журмаар хураамж төвлөрүүлж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон хүнд зам, тээврийн ослын хохирол олгоод, үлдсэнийг нь даатгалын компанийн эздийн өмч болгож байгаа” хэмээн тайлбарлав.
Мөн гишүүн Х.Болорчулуун “Даатгалаа сайн төлдөг компани байхад “луу унждаг” нэг нь ч бий. Төслийг харахад үүнд төр оролцохгүй ч ашгийн бус байгууллага бий болгох нь. Зах зээлийн нийгэмд ашгийн бус байгууллага ховор, тэр нь төрийнх л биш бол. Цаагуураа төртэй холбогдсон, хүчээр байгуулах бүтэц харагдаад байна. Даатгалын компаниуд дампуурах юм биш үү” хэмээсэн бол гишүүн Ч.Хүрэлбаатар “Төр данхайж, төсвийг тэлж байгаа нь буруу. Хувийн даатгалын компани ашигтай ажиллаж байгаа учраас төр орж ирж байгаа нь маш буруу хандлага шүү. Албан журмын даатгалыг хувийн компаниудад хариуцуулсан нь зөв. Магадгүй зарим компани ажлаа дутуу хийж байгааг үгүйсгэхгүй. Тэглээ гээд үүнийг заавал төр хийх албагүй. Есөн жилийн өмнөхтэй харьцуулахад, даатгалын компаниуд арай гайгүй болж байна. Хуульд нь дутуу зүйл бий. Энэ ажлыг төр авах нь даахгүй нохой булуу хураахын үлгэр болох гээд байна. Хувийн хэвшлийнхэн хөл дээрээ жаахан тогтоод ирэхээр дээрээс нь намнах бус, дэмжих хэрэгтэй” гэлээ.
Бэлтгэсэн Б.Уран