Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга байсан Ё.Гэрэлчулуун, “Төрийн орон сууцны корпорац” (ТОСК)-ын захирал асан А.Гантулга, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, “Могул скай” ХХК-ийн захирал асан Д.Жаргалсайхан зэрэг 11 хүн холбогдсон хэргийг өнөөдөр хэлэлцэхээр дахиад л товлоод байна. Гэхдээ энэ хэргийн холбогдогчдын гэм буруутай үйлдэл тогтоогдсон ч эрүүгийн хариуцлага хүлээхээргүй болсон талаар бид энэ сарын 1-ний дугаартаа мэдээлсэн билээ. Учир нь 2019 оны 11, 12 дугаар сараас хойш хэргийг хэлэлцэхгүй, шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар элдэв шалтаг хэлж хойшлуулсаар байх хооронд буюу энэ оны зургадугаар сарын 24-нд Э.Бат-Үүл тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихаад буй. Тэгэхээр шүүх өнөөдөр Э.Бат-Үүл, А.Гантулга, Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүний гэм буруутай, эсэхийг хэлэлцвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь гарцаагүй. Бид өмнөх дугаартаа Э.Бат-Үүл, хүү Б.Чулуудай болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хөрөнгө оруулалтын газрын дарга асан Л.Нарантуяа, Гэр хорооллын хөгжлийн газрын дарга байсан Ш.Ганхуяг нарын үйлдэл, эрх мэдлээ урвуулж авсан мөнгөө хэрхэн нааш цааш болгосон талаар мэдээлсэн билээ. Харин энэ удаа ТОСК-ын захирал А.Гантулга, “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, “Могул скай” ХХК-ийн захирал асан Д.Жаргалсайхан, ТОСК-ын албан тушаалтан Д.Оюунжаргал, Т.Гэрэлт-Од, Ю.Алтангэрэл нар чухам ямар хэрэгт холбогдсон талаар хүргэе.
ЗГХЭГ-ТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧЖЭЭ
“Төрийн орон сууцын корпорац” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан А.Гантулгыг нэлээд олон үйлдэлд буруутгаж буй. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, “Бэрэн групп”-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, “Гранд лайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай нартай хамтран ТОСК-аас хэрэгжүүлж буй “Буянт-Ухаа-2” орон сууцын хороолол барих төслийг санхүүжүүлэх зориулалттай Хөгжлийн банкны зээлийг зориулалт бусаар зарцуулсан үйлдлийг эхлээд онцолъё. Хөгжлийн банк болон ТОСК-ын хооронд 2015 оны зургадугаар сарын 8-нд гэрээ байгуулж, 35.5 сая ам.долларын зээл тус корпорац авсан байдаг. Гэвч гэрээгээ зөрчсөнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон гэнэ.
Мөн Ерөнхий сайдыг төлөөлж ЗГХЭГ-ын даргаас ТОСК-ын захиралтай 2014 оны дөрөвдүгээр сарын 21-нд байгуулсан гэрээний 4.7-д заасан “Захирал нь дараах асуудлуудыг зөвхөн ажил олгогчоос зөвшөөрөл авсны үндсэн дээр холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ”, 4.10-ын “Ажил олгогчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн газрын эд хөрөнгөөс хуулийн этгээд, хувь хүнд зээл олгох, хандивлах, бэлэглэх, барьцаалах бусад аж ахуйн нэгжийн хүмүүст хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно” гэснийг зөрчин албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгасан байдаг. Ийнхүү эрх мэдлээ хэтрүүлэн ТОСК-ын “Голомт” банкан дахь данснаас “Бэрэн групп” рүү есөн тэрбум төгрөг ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн талаар уншигчид мэддэг болсон. Уг мөнгийг “Бэрэн групп”-ээс Б.Чулуудайн “Гранд лайн” ХХК-ийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн талаар бид энэ сарын 1-ний дугаартаа дэлгэрэнгүй мэдээлсэн билээ.
“МОГУЛ СКАЙ” ХХК-ИЙН ЗАХИРЛААС ОРОН СУУЦ ХАХУУЛЬД АВСАН ГЭВ ҮҮ
ТОСК өмнө Орон сууцын санхүүжилтийн корпорац (ОССК) нэртэй байсныг зарим уншигч санаж буй нь лавтай. А.Гантулга ОССК-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа байгууллагынхаа дүрэмд заасан үйл ажиллагаанд нийцэхгүй үйлдэл гаргаж, ТУЗ-өөс нь гэрээ байгуулах эрх олгоогүй байхад “Могул скай” ХХК-ийн захирал Д.Жаргалсайханд үйлчилсэн аж. Улмаар тус компанид гурван тэрбум төгрөгийн зээл жилийн долоон хувийн хүүтэй өгөхөөр тохиролцжээ. Уг тохиролцооныхоо дагуу 2012 оны арванхоёрдугаар сарын 28-нд тэд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж. Ингэхдээ ОССК, Сангийн яамны хооронд байгуулсан дамжуулан зээлдүүлэх гэрээний “Зээлдэгч нь ашигласан зээлийн өрийн үлдэгдэлд жилийн 7.8 хувьтай тэнцэх хүүг төгрөгөөр тухай бүр Сангийн яаманд төлнө”, “Зээлдэгч нь дамжуулан зээлдүүлэх гэрээгээр олгосон хөрөнгийг зөвхөн Засгийн газрын 2009 оны Журам батлах тухай 368 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журамд заасан зориулалтаар ашиглана” гэснийг зөрччихөв. Энэ үйлдлээрээ 4000 айлын орон сууц төслийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 2013 оны нэгдүгээр сарын 18-нд нэг тэрбум, 2013 оны гуравдугаар сарын 11-нд 500 сая төгрөг “Могул скай” ХХК-д зээлийн гэрээний урьдчилгаа болгон өгсөн байна. Улмаар гэрээний үлдэгдэл 1.5 тэрбум төгрөгийг олгохын тулд Д.Жаргалсайханаас хээл хахууль өгөхийг шаардан хясан боогдуулж Зайсанд барьсан “Могул таун” хотхоных нь байрнаас 166.8 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг найз С.Одонтуяагаар дамжуулан авсныг АТГ-ынхан тогтоожээ.
Түүнчлэн хууль, журмаа зөрчин 2015 оны гуравдугаар сарын 11-нд “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөртэй “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээ” байгуулж, орон сууцын VII хороололд хамааран нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулах барилгын угсралтын ажлын 50-иас багагүй хувьд тус компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар тохиролцсон байгаа юм. Ингээд “Хангай” хотхоны орон сууцын 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 720 айлын байрыг худалдан авч үнийг үл маргах журмаар төлөхөөр тохирсон аж. Үүнийхээ шагналд “Бэрэн групп”-ийн захирлаас 2014 оны нэгдүгээр сард охиныхоо дансаар 12 мянга гаруй ам.доллар авчээ.
НАЙЗЫНХАА ЭГЧИЙГ ҮНЭГҮЙ БАЙРТАЙ БОЛГОСОН Ч НЭМЖ МӨНГӨ АВЧ БАЙВ
А.Гантулга ТОСК-ын дэд захирал Д.Оюунжаргалд давуу байдал олгохын тулд түүнээс хахууль авсныг АТГ-ынхан шалгалтаараа тогтоосон байдаг. Тодруулбал, Д.Оюунжаргалын хүү Г.Түвшинбилэгтийн сургалтын төлбөрт 65 сая төгрөг олгох тушаал гаргасныхаа төлөө “Mont Blanc” брэндийн бүс, “Hennesy V.S.O.P” конъяк бэлгэнд авсныг хахууль гэж үзэх үндэслэл болсон аж.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулж, “Буянт-Ухаа-2” хороололд үнэ төлбөргүй орох иргэдийн жагсаалтад найз Т.Баттөрийнхөө эгч Т.Пүрэвсүрэнгийн нэрийг оруулж батлуулжээ. Тэрбээр өмнө нь найзаасаа 30 сая төгрөг зээлж авсан бөгөөд үнэ төлбөргүй байртай болгосныхоо шагналд Т.Баттөрөөс нэмж 24 сая төгрөг 2016 оны зун хувьдаа авч ашигласныг АТГ-ын мөрдөгчид тогтоов.
ТОСК-ын захирал байхдаа А.Гантулга дээрх хорооллын байрнаас үнэ төлбөргүй олгох иргэдийн нэрсийн жагсаалтад иргэн Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг ашиглан оруулж, 92.5 сая төгрөгийн үнэтэй байрыг ТОСК-ын Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од үнэгүй авах боломжийг бүрдүүлж өгснийг ч мөрдөгчид тогтоожээ. Т.Гэрэлт-Од хүргэн дүү Ж.Гантөмөрийн ээж Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг ашигласан байж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Гэрэлт-Од дээрх байрнаас гадна төрсөн дүү Т.Цолмонгэрэлийн нөхөр Ж.Гантөмөрийн иргэний үнэмлэхийг ашиглан үнэ төлбөргүй байр авах хүмүүсийн жагсаалтад нэрийг нь оруулан 92.5 сая төгрөгийн үнэтэй гурван өрөө сууц авч, иргэн Б.Оюун-Эрдэнэд худалдан ашиг олсныг хууль сахиулагчид илрүүлсэн юм.
“Буянт-Ухаа-1” хороололд иргэн Ц.Батсүх 21 сая төгрөгийн урьдчилгаа төлж байр авахаар захиалж, үлдэгдэл 42.6 саяыг нь төлөөгүй байхад нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн А/927 дугаартай захирамжаар түүнд үнэ төлбөргүй олгохоор шийдвэр гаргажээ. Гэтэл Т.Гэрэлт-Од иргэн Ц.Батсүхэд үнэгүй байр өгч байгаа тухай хэлэлгүй, 21 сая төгрөгийн нь хүргэн дүүгийнхээ дансаар дамжуулан авчихсан байна. Энэ үйлдэлд нь ТОСК-ын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ю.Алтангэрэл хамтран оролцсон аж. Мөн үнэ төлбөргүй байраа томсгож, гурван өрөө болгож, зөрүү мөнгийг нь төлсөн иргэн Н.Энхбаярын 17 сая төгрөгийг нь ТОСК-ын Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од завшсаныг мөрдөгчид шалгаж баталгаажуулсан байна. Өнөөдөр энэ хүмүүсийн гэм буруутай, эсэхийг шүүх шийдвэрлэхээр товлоод буй. Яаж шийдвэрлэснийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.
Бэлтгэсэн Г.Равжаа