УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатартай тун удахгүй үзэгчдэд хүргэх “Хаадын хаан: Андгай” жүжгийнх нь талаар ярилцлаа.
-Хэдэн жилийн өмнө тантай ярилцахад бурхан багшийн тухай жүжиг тавина гэж байсан. Таныг “Анна Каренина”-гийн дараа тэр жүжгээ “барьж авна” гэж бодож байлаа. Харин “Хаадын хаан: Андгай” жүжиг хэр удаан “дуншиж төрж” буй бүтээл вэ?
-“Тэнгэрийн хүү”-г найруулсны дараа гурамсан туульсын жүжиг хийхээр шийдсэн юм. Хийх санаа нь эртнийх. Харин ажиллаж эхэлсэн нь “Анна Каренина” жүжгийн дараа. Бид эзэн Чингис хааныхаа түүхээс олон зүйл суралцах хэрэгтэй. Түүний оюун санаанаас уудлах шаардлагатай. Тэр тусмаа өнөө цагт. Бурхан багшийн тухай жүжиг хийх хүсэл минь хэвээрээ. Судалгаа хийх гэж Энэтхэг хүртэл явсан шүү дээ. Цаг нь болохоор тайзнаа амилах биз ээ. Бүх зүйл цаг хугацаатай шүү дээ.
-Жүжгийн зохиолыг зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Б.Цогнэмэхээр бичүүлсэн нь “Тэнгэрийн хүү”-д хамтарч ажиллаад дадсаных уу?
-2011 онд жүжгийн зохиолын уралдаан болов. Зохиолчийнх нь нэрийг ил зарладаггүй. Тэр уралдаанд ирүүлсэн зохиолуудаас нэг нь надад, өөр нэг нь Б.Баатар найруулагчид, бас нэг нь Ч.Найдандорж найруулагчид их таалагдаж. Тэгээд бид шударга ярилцлаа. Хэрэв хэн нэгнийх нь дурлаж буй зохиол шилдгээр шалгарвал найруулах боломжийг нь олгоё гэж. Тэгвэл миний сонирхож байсан зохиол түрүүлчихсэн. Тэр нь “Тэнгэрийн хүү”. Зохиолч нь Б.Цогнэмэх. Тэгээд л би найруулсан юм. Яруу найргийн айзам хэмнэлээр жүжгийн зохиолын дүрүүдийнхээ харилцан яриаг бичдэг, үгийн баялаг сантай нь надад таалагддаг. Нөгөөтээгүүр, анх хамтрахад л үе тэнгийн уран бүтээлч учраас гар нийлсэн. Эдгээрээс улбаалаад “Хаадын хаан: Андгай” жүжигтээ дахин хамтрахаар шийдсэн дээ.
-“Хаадын хаан: Андгай” жүжгээр та үзэгчдэд юу “хэлэх”-ийг хүссэн бэ?
-Олон зүйл бий. Ам гарах, андгайлах, тангараг өргөх, эд бүгд ялгаатай. Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж үг байдаг даа. Ам гараад хүрч чадаагүй бол дэнчин нь эмээл хазаартай морь байж. Харин андгай тавиад зөрчвөл эрхтнээ золигт гаргадаг байж. Тэгвэл тангаргийнх юу байх нь ойлгомжтой. Энэ бол амь. Үүний утга учрыг “хэлэх”-ийг хүслээ. Нөхөрлөл, итгэл, сэтгэлийн үнэ цэнийг үзүүлэхийг хүслээ. Бид ямар үзэл санааг чухалчилж амжилтад хүрэв, ямрыг нь дэврээснээр уруудан доройтов гэдгийг мөн харуулахыг хүсэж байна. Хамгийн гол нь бид түүхээс мөн чанарыг нь олж хардаг байх хэрэгтэй. Дэлхийн энтэй энэ хүний түүхээс халбагадаж, шанагадаж, эсвэл хувингаар хутгаж авахаа үзэгч өөрөө мэдэх биз ээ. Харин хүний сэтгэл хөдөлгөж, нүд хужирлаж, чих сонордуулах уран бүтээл гэдгийг бардам хэлье.
-Жүжигт тоглох жүжигчдийг хэрхэн сонгосон бэ. Ялангуяа Тэмүүжин, Жамух нарын дүрд Г.Амгаланбаатар, М.Түвшинхүү нарыг тоглуулах болсон нь үзэгчдийн сонирхлыг их татаж буй байх.
-Юуны түрүүнд дүр төрхийг нь чухалчилсан. Чингис хааны төрхийг уран бүтээлчид олон янзаар дүрсэлсэн нь бий. Яагаад ч юм надад Ү.Ядамсүрэн гуайн бүтээсэн Чингис хааны хөрөг л үнэнд хамгийн ойр мэт санагддаг. Жүжигчин Г.Амгаланбаатарын төрх тэр хөрөгтэй их төстэй. Харин Жамух бол Тэмүүжинг ирлэсэн билүү гэж боддог. Тиймээс жүжигчин М.Түвшинхүүг сонгосон. Би театрынхаа бүх л уран бүтээлчид боломжийг тэгш олгох, ур чадварыг нь жигд ахиулахыг хүсдэг. Нөгөө талаас гол дүрд тоглох хоёр жүжигчин ид насандаа яваа. Чингис хаан 44 насандаа Монголын эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй. Яг тэр насных нь жүжигчнийг тоглуулахыг хүссэн юм. Зөв, буруу сонгосон, эсэхийг үзэгчид дүгнэх болов уу.
-Найруулга болон тайзны шийдлийн талаарх нууцаас жаахан задалж болох уу?
-Хэдхэн жилийн дотор хүмүүсийн сэтгэлгээ, хандлага маш их өөрчлөгдлөө. Найруулагч хүн нийгэм хэрхэн өөрчлөгдөж буйг болон хүмүүсийн ааш авир хэрхэн хувирч байгааг анзаарахгүй байж болохгүй. Жүжигт үгийн урлагаас гадна биеийн хэлэмж, хөдөлгөөнийг дуу хөгжимтэй хоршуулахыг хичээлээ. Тэр дундаа ардын язгуур урлагийг. Мэдээж уламжлал, шинэчлэлийг хослуулан ажиллахыг хүссэн юм. Нэг зүйлийг өөр өөрөөр ашиглаж, олон утга илэрхийлэх боломжтой тайз бүтээхийг оролдсон. Мэдээж өдөр ирэх тусам биднээс алсарч буй монгол ахуйг илэрхийлэх ёстой. Хувцас, жижиг хэрэглэлийг ч түүх, угсаатны зүйн судалгаа, олдворуудад үндэслэж бүтээсэн учраас үзэгчдэд таалагдах байх. Манай театр монгол хэлний дархан манаанд бат зогсох ёстой. Тийм ч учраас “Хаадын хаан: Андгай” жүжгийн харилцан яриа уран яруугаас гадна баялаг.