УДЭТ-ын 90 жилийн ой энэ онд тохиож байна. Эл ойгоо угтан тус театрын хамт олон цуврал арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь их эзэн Чингис хааны тухай “Хаадын хаан: Андгай” түүхэн туульсын жүжиг юм. Эл жүжгийн зохиолыг зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Б.Цогнэмэх бичжээ. Тэрбээр “Энэ жүжиг эр хүний нөхөрлөл, нөхөрлөлөөс андлал, андлалаас үүдсэн улс төрийн том холбоо нь Их Монголыг бүтээсэн хоёр баатрын тухай дуулал юм. Тэд Монголыг хэрхэн босгох вэ гэж хар багаасаа зүтгээд, гурван удаа андгай тангараг тавьж анд бололцон, хэн нь хаан болсныг бид мэднэ. Жамух байгаагүй бол их эзэн Чингис хаан байхгүй. Жамух андын үүргээ гүйцэтгээд тэнгэрт одсон. Хоёрдугаарт, андлалаас ургасан хөх Монголын түүх одоо ч гэрэлтэнэ. Ерөнхий найруулагч Н.Наранбаатар, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, тайзны зураач Т.Ганхуягтай “Тэнгэрийн хүү” жүжгээс хойш хамтран ажиллаж байгаа болохоор бие биеэ сайн ойлгодог. Цаашид бид өндөр гэгээн Г.Занабазарын тухай жүжиг хийнэ. Жүжгийн амь, сүнсийг найруулагч, зохиолч хоёр өрдөг. Мэргэжлийн уран бүтээлчидтэй ажиллана гэдэг зохиолчоос мөн мэргэжлийн үүднээс хандахыг шаардаж, төлөвшүүлж, сургаж, чиглүүлж байдаг” хэмээн сэтгэгдлийг хуваалцсан.
“Хаадын хаан: Андгай” жүжгийг энэ сарын 5 буюу ирэх баасан гаргаас үзэгчдэд хүргэнэ. Нээлтээ хийхийнх нь өмнөхөн тус жүжгийн хамт олны сургуулилалтыг сонирхлоо. Биднийг УДЭТ-д очиход уран бүтээлчид хэдийн жүжгийн хувцсаа өмсөж, тайзан дээр бэлтгэлээ базааж байв. Тэд дотоод, гадаад хяналтаар шалгуулж, уг жүжгийг үзэгчдэд хүргэх эрхээ хэдийн авчихжээ. Жүжгийн тайз чимэглэл, хувцас, гэрэлтүүлэг, эдлэл хэрэглэлийг өвөрмөцөөр шийдэж, орчин цагийн сценографийн урлагт шинийг эрэлхийлж буйгаа УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг хэлсэн. 40 гаруй жүжгийн тайзыг урласан тэрбээр “Зураачийн ажлын цаана бүтэн баг ажилладаг. Театр бол нийлмэл урлаг юм. Энэ өргөн ойлголт дотор зураачдын багт хувцасны загвар зохион бүтээгч, оёдолчин, мужаан, гагнуурчин, тайз засалч, туслах зураач, конструктор зураач, нүүр хувиргагч, жүжиг чимэглэлийн эрхлэгч, фото формын хэрэглэл хийдэг хүн гээд 10 гаруй ажлын 30 орчим хүнтэй хамтарч ажилладаг юм. Ингэж л жүжгийн орон зайг бий болгодог. Энэхүү жүжгээр найруулагч, уран бүтээлчдийн хандлагын өвөрмөц илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Ирээдүйн их хаан мэндэлж буйгаар жүжиг эхэлнэ. УДЭТ-ын эл шинэ уран бүтээлийн гол дүр буюу хаадын хаанд жүжигчин Г.Амгаланбаатар хувирах юм. Театрын урлагт дурлагсад түүнийг 2000 оноос хойш одоог хүртэл тус театрт ажиллахдаа “Бооцоо” жүжгээр уран бүтээлийн гараагаа эхэлж, “Ричард ван III”, “Далан худалч”, “Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Ээж ээ”, “Атга нөж”, “Хайрын виз”, “Парисын дарь эхийн сүм”, “Кихот ноён”, “Ромео, Жульетта хоёр” зэрэг дотоодын болон дэлхийн сонгодог 50 гаруй жүжгийн гол, туслах дүрийг бүтээснээр нь эчнээ мэднэ. Тэрбээр дүрийнхээ тухай “Их эзэн Чингис хааны дүрд тоглох хувь тохиолоо. Баярлахын зэрэгцээ сүрдэж байна. Монголын сор болсон олон уран бүтээлч их хааны дүрийг бүтээсэн нь бий. Би өөрийн онцлог, өнцгөөс дүрээ гаргахыг хичээж байгаа” гэв.
Дээр дурдсанчлан “Хаадын хаан: Андгай” жүжиг эр хүний нөхөрлөл, андлал, Их Монголыг бүтээсэн хоёр баатрын тухай дуулал. Жамух байгаагүй бол их эзэн Чингис хаан байхгүй. Тиймээс Гүр хан Жамух эл жүжгийн мөн л гол дүр. Эл дүрд жүжигчин М.Түвшинхүү тоглоно. Тэрбээр 2001 оноос хойш УДЭТ-ын тайзнаа “Кармен хүүхэн”, “Чимээгүй шөнө”, “Хүйтэн сэнтий”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Харц хатан”, “Эдип”, “Парисын дарь эхийн сүм”, “Нора”, “Кихот ноён”, “Адууны түүх” зэрэг 20 гаруй жүжгийн дүрээр үзэгчидтэй “уулзаж” байв. Тэрбээр “Жамухын дүрийг надад онооно гэж төсөөлөөгүй. Энэ дүрээр үзэгчдэд дэлхийн түүхэн дэх хаадын хаан Чингис хааныг өндөрлөгт хүргэсэн хүчин зүйл нь Жамух анд нь гэдгийг харуулахыг хүсэж байна. Дэлгэцийн биш, тайзны бүтээл учраас Жамухын характерыг тод гаргах боломж бүрдэж байгаа” гэсэн юм.
“Хаадын хаан: Андгай” жүжгийг үзэгчдэд хүргэхийн өмнө театрын уран бүтээлчид судалгааг эн тэргүүнд тавьсныг уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг онцолсон. Судалгааны хүрээнд XII-XIII зууны Монгол Улс, эзэн Чингис хааны түүхэн судалгааны бүтээлүүд, номуудыг уран бүтээлчид уншиж, мэтгэлцээн зохион байгуулж, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн дэд захирал, профессор, түүхийн ухааны доктор П.Дэлгэржаргал, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Цогтбаатар, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам тэргүүтэй түүх болон угсаатны зүйн тэргүүлэх зэргийн эрдэмтэдтэй уулзалт зохион байгуулсан аж. Энэ нь жүжигчдэд дүрээ ойлгох, тодруулан тоглоход их нэмэр болжээ. Н.Ганхуяг “Уг жүжиг эзэн Чингис хааны амьдарч байсан үеийг урлаг, утга зохиолын хэлээр илэрхийлнэ. Цэвэр түүх барихгүй, гэхдээ түүхээс гажихгүйгээр бүтээлийг тайзнаа тавина” хэмээв.
Найруулагч Ц.Батнайрамдал “Уг жүжгийн дотоод хяналтын үзлэгт суусан. Хаан хүн тэнгэрээс төрдөггүй ажээ. Хаан хүн зовлон дундаас төрдөг аж. Найруулагчийн үзэл бодол, хэлэх санаа чухам энд л байх шиг. Найруулагч Н.Наранбаатар түүхэн бодит хүмүүний туулсан амьдралыг харуулахдаа хар нялхаас асар их зовлон амсаж, өшөө хорсол, ирт мэсний дундуур тэмцэн явж, хатуужин бойжсон нэгэн хүний тухай үзүүлэхийг зорьжээ. Энэ нь урьд өмнө хийж байсан бүтээлүүдээс шинэлэг үзэл санаа, зоригтой шийдлүүдийг гаргах хөшүүрэг нь болсон байна” гэв. “Хаадын хаан: Андгай” жүжгийг тайзнаа амилуулж, үзэгч олонд толилуулснаар дэлхийд алдартай суут их эзэн Чингис хаанаараа дамжуулан эх түүх, өв соёл, нүүдлийн соёл иргэншлээрээ бахархах үзлийг түгээн дэлгэрүүлж, эх орон, ард түмэн түүхийн туршид ямар үнэ цэнтэй болохыг мэдрүүлнэ хэмээн уран бүтээлчид хэлж байлаа. Уг жүжгийн дүрүүдэд Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва, Г.Равдан, Гавьяат жүжигчин З.Жарантав, Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, жүжигчин Ж.Пүрэвдорж, О.Гэрэлсүх, Д.Баттөмөр, Ц.Баясгалан, М.Тогтохжаргал, Н.Баярмаа, А.Чингүн, Г.Алтангэрэл, Б.Шинэбаяр, Т.Сэргэлэн тэргүүтэй уран бүтээлчид болон СУИС-ийн оюутнууд, Монголын хүүхдийн ордны сурагчид тоглох юм.